Г.Занданшатарын УИХ улсаасаа урвах уу!

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Г.Занданшатарын УИХ улсаасаа урвах уу!

Г.Занданшатарын УИХ улсаасаа урвах уу!

УИХ-ын даргаас М.Энхболд чөлөөлөгдсөний маргаашаас эхлээд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх тухай асуудал ҮАБЗ-ийн хүрээнд эрчимжиж,  эмзэглэсэн олон нийтийн шүүмжлэлд Гадаад харилцааны яам болоод дэд сайдаас нь өгсөн тайлбар үнэндээ цагаа ч, өнцгөө олсонгүй. Хэрэвзээ, Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь худлаа бол дэд сайдаараа "Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай, ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд" гэх гэнэн тэнэг яриа хэвлэлд зорилготойгоор цацуулах биш  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрөө мэдэгдэл хийвэл арай л үнэмшилтэй сонсогдох байлаа. Монголын гадаад харилцааны бодлогыг тодорхойлдог гүйцэтгэх засаглалын танхимын гишүүний хувьд шүү дээ. Тэгээд ч Ерөнхийлөгч овоо босгоогоогүй бол шаазгай хаанаас шагшрах билээ.

Харамсалтай нь, энэ сэдвээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хийгээд Ерөнхий сайд гурав амаа үдсэнээс харвал тэдэнд Монголоо ШХАБ-д тушаах сонирхол асар их байгаа мэт.  Эндээс харвал эл асуудал ээлжит бус чуулганаар ороод ирэх магадлал ч өндөр.

Гуравдугаар сарын 1-ний дотор УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлтдээ  Ерөнхийлөгчийн дурдсанчлан "Иргэд, олон нийт эрх баригч нам, Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна.Үүний хүрээнд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд 2019 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх санал, шаардлагыг мөн гаргаад байна" гэх үгсийн ард ШХАБ-д элсэх тухай асуудлыг  хэлэлцүүлэх сонирхол нуугдаж буйг бас үгүйсгэхгүй. Учир нь, тэр Киргистанд очихдоо Хятад, Оросод томоохон бэлэгтэй очихыг хүсч байгаа нь баараггүй.

Шанхайн хамтын ажилллагааны байгууллагад Монгол элсвэл хариуд нь Хятадаас хоёр тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх тухай яриа гарах болсон нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон "авах, өгөх" асуудал нь бололтой.

Монголчууд хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэлцдэг. Хэдийгээр мөнгөнд үнэр байхгүй ч энэ мөнгөөр бид эрх чөлөөгөө сольж магадгүйг эрдэмтэд, судлаачид эрх баригчдад анхааруулсаар байгаа юм.

 Монгол Улс одоохондоо парламентын засаглалтай байгаа тохиолдолд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав хичнээн их тэмүүлж хүсч байвч эцсийн шийдвэрийг нь МАН-ын 64 болоод АН-ын 9, дээр нь О.Баасанхүү, С.Жавхлан гээд 75 гишүүний олонх гаргана. Г.Занданшатарын даргалсан, МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн Монголын парламент эх орноосоо урвах уу, эсвэл эрх чөлөөгөө хамгаалж үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Өөрөөр хэлбэл, Хятадаас өгөх тухай яригдаж эхэлсэн хоёр тэрбум ам.доллараар ардчилал, хүний эрх эрх чөлөө, тусгаар тогтнолоо парламентын хэн, хэн гэгч гишүүд зарах нь үнэндээ сонирхолтой байна. Энэ бол М.Энхболдыг огцруулах үндэс болсон жаран тэрбумаас ч илүү аюултай асуудал бөгөөд анти-хятад үзэлтнүүд Монголыг ШХАБ-д зарахыг дэмжихийг харах тусам  адгийн шаарууд л эх орончийн дор толгой хоргоддог гэсэн үг санагдах.

Монгол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсч болохгүйг эрдэмтэд судлаачид үндэс суурьтай тайлбарласаар байгаа бөгөөд эндээс харахад Монгол бие даасан гадаад бодлого явуулж чадахгүйд хүрэх юм байна. Гуравдагч хөршийн тухай мартах хэрэгтэй болох юм байна гэсэн энгийн үгүйсгэлийг нь тэнэг  хүн ч ойлгохоор.  "Нүд улаан, мөнгө цагаан" болсон МАН-ынхан  Машид эрхэмлэж яваарай гэж Х.Чойбалсангийнхаа үлдээсэн эх орноо  ам.доллараар зарах уу, ардчилал, тусгаар тогтнолоо авч үлдэх үү гэсэн томоос том асуултын тэмдэг Төрийн ордноор тэнүүлчилж  явна. Эцэст нь,  монголчууд чонын амнаас барын аманд аваачиж өгөх эсэх нь  Гомбожавын Занданшатараар ахлуулсан УИХ, тэр тусмаа У.Хүрэлсүхийн МАН-аас сонгогдсон 64 гишүүнээс голчлон хамаарна. Үр нь үлдэх эх орноо эцэг нь зарах эсэхийг харж л сууя даа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж