Хүү минь хичнээн их өвдөлт мэдэрсэн бол гэхээс зүрх өвддөг

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Хүү минь хичнээн их өвдөлт мэдэрсэн бол гэхээс зүрх өвддөг

Хүү минь хичнээн их өвдөлт мэдэрсэн бол гэхээс зүрх өвддөг

Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүгийн амь насанд хүрсэн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосныг эсэргүүцэж хүүгийн ар гэрээс анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнөөдрийг хүртэл энэ хэргийг шийдвэрлээгүй байна. Талийгаач хүү Н.Түвшинбаатарын ээж Н.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Таны хүүг хашааныхаа гадаа тоглож байхад мөргөж, амь насыг нь хохироосон этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон гэсэн. Жолооч нь ямар хүн байсан бэ?

-Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны зургадугаар сарын 7-нд хүү минь эмээгийндээ байсан юм. Миний хүү замаас хол, хашааныхаа гадаа тоглож байсан ч М.Мөнхтулга гэгч этгээд хүүг минь машинаараа дайраад зогсохгүй хааз тоормосоо андуурч гишгэснээс болж тэр минь харамсалтайгаар амь насаа алдсан. Хэрэв хааз, тоормосыг андуурч гишгээгүй, хүүг минь 50 метр газар машинаараа чирээгүй бол өдийд амьд байх байсан ч юм бил үү. Миний хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаан оролгүй тав хоносоор зургадугаар сарын 12-нд нас барсан. Эмнэлгийн дүгнэлтээр тархинаасаа  60 мл цус алдсан. Энэ бол маш их цус алдалт. Биед нь бэртэл аваагүй газар байгаагүй. Тэр бяцхан амьтан хэчнээн их өвдөлтийг мэдэрч, тарчилж нас барсан бол гэж бодохоос зүрх минь шимширдэг. Зам чөлөөтэй байсаар атал миний хүүг мөргөөд зогсохгүй амь насанд нь хүрсэнд дэндүү их гомдолтой байна. Хүүг минь мөргөж, гэмтээхгүй байх боломж байсан шүү дээ. Бүр дуут дохио ч өгөөгүй. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын анхан шатны шүүхээс хүүгийн минь амь насыг хохироосон хэргийг автомашины осол тул хөнгөн гэмт хэрэг гэж үзээд М.Мөнхтулгад нэг жилийн тэнсэн харгалзах ял оноож, жолоо барих эрхийг нь гурван жилээр хассан. Автомашин жолоодох эрхгүй энэ хүн өнөөдөр эрх чөлөөтэй замын хөдөлгөөнд оролцож явна. Энэ шударга бус байдлыг эсэргүүцэж хоёр жил гаруйн турш хууль хүчний байгууллагын үүдийг сахиж явна.

-Дунд болон дээд шатны шүүхээс энэ хэргийг байнга буцаадаг шалтгаан юунд байна вэ?

-Шүүх хурал нийт найман удаа болсон. Ес дэх удаагийн шүүх хурал удахгүй болно. Тов нь гараагүй.  Сэлэнгэ аймгийн Мандал суманд дөрөв, аймгийн давж заалдах шатны шүүх хуралд гурав, дээд шүүхэд нэг удаа тус тус болсон. Хамгийн сүүлд шүүх хурал мөн сумын шүүх дээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд болсон. Миний хүүгийн амь насаа алдсан хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын анхан шатны шүүх  хуулийг буруу хэрэглэсэн гэж дунд болон дээд шатны шүүхээс байнга буцаадаг. Дээд шатныхаа шүүхийн шийдвэрүүдийг Мандал сумын шүүх, прокурор, цагдаагийнхан үл ойшоосоор өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдэхгүй удлаа. Давж заалдах шатны шүүх, дээд шүүхэд хандсан боловч хохирол төлбөр төлөгдөөгүй байхад хэргийг буруу хэрэглэсэн гэж сум дундын шүүхэд буцаадаг.

Өнөөдрийг хүртэл бидний хохирлыг барагдуулаагүй. Миний зүгээс хүүгийн минь аминд хүрсэн тэр этгээдэд ял оноож өгөхийг л хүсч байна. Тиймээс биш бидэнд мөнгө хэрэггүй. Бид мөнгө ч нэхээгүй. Оршуулгын зардал долоон сая төгрөг болсон. Эмнэлэг, шүүх гээд бүх зардлыг бид өөрсдөө гаргаж байгаа. Эсрэгээр нь М.Мөнхтулгын ар гэрийнхэн бидэнд 35 сая төгрөг өгч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тусгай өрөөнд нэг сая төгрөгөөр хэвтэн эмчлүүлэх зардлыг нь гаргасан гэх худал бичиг үйлдсэн. Миний хүү энгийн тасагт л ухаан оролгүй байсаар л нас барсан шүү дээ. Яах вэ, сумын төвөөс хүүг минь машинаараа Улаанбаатарт л хүргэж ирсэн.

-М.Мөнхтулга гэм буруугаа хүлээсэн ч шүүхээс тэнсэн харгалзах ял оноосон нь ямар учиртай вэ?

-М.Мөнхтулга гэм буруугаа хүлээж байгаа. Гэтэл шүүгч н.Хэрлэн гэм буруугүй, хүнд биш хөнгөн гэмт хэрэг гэж үзсэн. Анхан шатны шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 29-нд болсон. Гэтэл наймдугаар сарын 25-нд шүүгч н.Хэрлэн М.Мөнхтулгын ах Мөнхсүхтэй “Сити” гэх зочид буудлын ресторанд сууж, хүүгийн минь хэргийг хэрхэн шийдэх тухай ярьсан  төдийгүй хувийн харилцаа үүсгэснийг харсан гэрчүүд бий. Шүүх хурлын шийдвэрийг шударга бус гаргахад нөлөөлсөн н.Хэрлэн шүүгчид гомдолтой байгаа. Энэ хэргийг өдий хүртэл шийдэж өгсөнгүй. Сумын шүүхээс хэргийн тухай асуух бүрт халгаадаггүй. Гэтэл нөгөө талынхантай уулзсан байдаг. Хоёр жил гаруйн хугацаанд найман удаагийн шүүх хурлаар гурван ч удаа өмгөөлөгч солигдсон. Өмгөөлөгчид хэрэг дээр ажиллах явцдаа сүүлд нь “Миний дүү энэ хэргээ хаях юм уу, орхичих” гэсэн л санал  хэлж, татгалздаг. Зарим нь учир шалтгаанаа хэлэлгүй хэргийг орхидог. Одоо Н.Даваасүрэн өмгөөлөгч хүүгийн минь амь насаа алдсан хэрэгт ажиллаж байна. Би хүүг минь хөнөөсөн этгээдэд ял оногдуулах шийдвэр гаргуулахаас нааш эцсийг нь хүртэл тэмцэх болно. Шүүхээс энэ хэргийг шийдэхгүй, шударга бус дүгнэлт гаргасанд  аймаг, сумын цагдаагийн газарт гомдол мэдүүлж, шалгуулахаар хандсан ч хэргийн тухай бидэнтэй уулзаагүй, үүднээсээ хөөсөн. Шүүх хурал нөгөө талд үйлчилж байгаад гомдолтой байна.

-М.Мөнхтулгын  ар гэрээс нь танай гэр бүлийг ямар учраас заналхийлдэг юм бэ. Бас группт байсан хүн автомашин жолоодож явахдаа осол үйлдсэн хэрэг үү?

-М.Мөнхтулга автомашин жолоодож явах үедээ хүүгийн минь амь насанд хүрсэн. Осол гаргадаг өдөр сүрьеэ өвчний оноштойгоор эмнэлгээс 70 хувийн групптэй байсан. Гэтэл саяхнаас 90 хувийн хувийн групп тогтоолгосонд нь их гайхаж байна. Ийм хүн автомашин жолоодож явах ёсгүй атал чөлөөтэй замын хөдөлгөөнд оролцдог. Ах н.Мөнхсүх нь гар утасны хоёр гурван салбар дэлгүүр ажиллуулдаг. Ах нь дүүгээ өмөөрч, утсаар “Хэл ам хийгээд байвал хоёр хүүхдэд чинь нөлөөлнө шүү. Өнөө маргаашгүй болсон хүүхдийг шоронд оруулахаар хөөцөлдөх шаардлагагүй” гэж утсаар үргэлж заналхийлдэг. М.Мөнхтулгын ээж болон ах нь биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Эсрэгээр нь бид гэмт хэрэг үйлдсэн мэт хандаж, доромжилдог. Хэргийг анх н.Энхбат гэх прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Ингэхдээ энэ хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж үзсэнийг нь эсэргүүцэхээр шүүх, цагдаагийн байгууллагаас биднийг хууль мэдэхгүй учраас буруугаар ойлгоод байна гэж тайлбарлах юм.

-Таны хүүгийн цэцэрлэгийн тодорхойлолтод эрүүл саруул, сэргэлэн, цаасан наамалд дуртай гэж дүгнэсэн. Гэтэл эмнэлгээс тархины саажилттай гэж буруу онош гаргасан нь ямар учиртай вэ?

-Миний хүү Н.Түвшинбаатар ой гурван сартайдаа менингитээр өвдсөн. Бүрэн эдгэсэн ч бага зэргийн л гацаж ярьдаг байсан юм. Гэтэл энэ өвчнөөр нь л н.Лхагвадорж эмч хуурамч  тодорхойлолт н.Мөнхсүхэд  гаргаж өгсөн. Тодруулбал, тархины өвчлөлтөөс үүдсэн саа өвчин гэж дүгнэсэнд санал нийлэхгүй байна. Айлын сор нь эрт явчихдаг гэж үнэн юм. Би гурван хүүхэдтэй. Миний дунд хүү байсан. Тэр минь их сэргэлэн цовоо, дуу хууртай,  хичээлдээ сайн сурдаг болохоор бидний итгэл найдвар нь байсан. Н.Түвшинбаатар минь л ирээдүйд ээж аав, ар гэрээ авч явна гэдэгт итгэдэг байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж