Б.Сарандаваа: Би мөнгөтэй болгодог хүн биш

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Б.Сарандаваа: Би мөнгөтэй болгодог хүн биш

Б.Сарандаваа: Би мөнгөтэй болгодог хүн биш

"Монгол Аура” энергийн төвийн тэргүүн шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Сарандаваатай ярилцахаар Чингэлтэйд байрлах төвийг нь зорин очлоо. Тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг сайн, муу янз бүрээр бичих юм. Би сүүлийн нэг жил хэвлэлд огт ярилцлага өгөөгүй. Чамайг маш олон удаа утсаар залгасан болохоор зөвшөөрлөө. Та бүхэн эхлээд манай төвийн үйл ажилгаатай танилцсаны дараагаар яриагаа эхэлж болох уу" гэсэн юм. Ингээд түүний 2010 онд байгуулсан дөрвөн давхар "21 Дарь эхийн бодлын орон түлхүүр хийдийн энергийн таван өрөө, энергийн эмчилгээний өрөө, бясалгалын, ажлын өрөөнүүдээр үзэж сонирхож дууссанаар түүнтэй ярилцах боломж олдсон юм. 


-Та сайхан шинэлэв үү. Сар шинийн баяраар их ачаалалтай байв уу?

-Жил бүрийн цагаан сараар ачаалал ихтэй байдаг л даа. Анх 2010 оноос хойш жил бүрийн цагаан сарын шинийн 8,15-ны өдөр "Таван хишгийн даллага" лекцээ "21 Дарь эхийн хийд"-ийнхээ лам нартай хамтран зохион байгуулан уншдаг. Анх 2010 оноос эхлэн хийдийн лам нартайгаа хамтран 21 аймаг, Улаанбаатар хотдоо жил бүр "Таван хишгийн даллага" лекцээ уншсан. Монголчууд эрт дээр үеэсээ даллага авдаг уламжлалт ёс заншилтай ард түмэн. Даллага авна гэдэг нь "Буян хишгээ даллан дуудахыг, хурайлах гэдэг нь буян хишгээ хураан авах, уухайлах гэдэг нь энэ хоёрынхоо эрч хүчийг эрчимжүүлэн өөрийнхөө далд ухамсарт шингээн авахыг /кодлохыг/” хэлж байгаа юм. Үүнийг би өөрөө зохиогоод даллага аваад байгаа юм биш. Ард түмэн маань жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор багтаж даллагаа авахуулж засал номоо хийлгэвэл тэр жилдээ сайн явж, буян хишиг нь тогтож, ажил төрөл нь бүтэж, өвчин зовлонгүй, ууж идэх, өмсөх зүүхээр элбэг явна гэж бэлэгшээн засал номоо хийлгэдэг.

-Даллага авснаар тэр жилдээ ууж идэх, өмсөх зүүхээр элбэг явна гэхээр итгэл үнэмшил төрөхгүй л байна л даа. Түрийвчээ даллаад юм уу, даллага авхуулснаар баяжих байсан бол монголчууд ийм ядуу амьдрахгүй байсан байлгүй дээ?

-"Хүний буян хишиг, худгийн ус" хоёр хэмжээтэй байдаг гэдэг ардын сайхан үг бий. Бүхий л зүйл арга билэг дээр явагддаг. Жишээлбэл, даллагын уут нь тэр айлын буян хишгийг тогтоож байдаг. Гэрийн эзний баруун гарын мухар тохойгоо тэр айлын буян хишгийн хэмжээг, гэрийн эзэгтэйн зүүн гарын алганы хэмжээгээр буян хишиг нь оршиж байдаг гэж үздэг. Даллагынхаа уутыг оёхдоо гэрийн эзний бие мах бодийн өнгөөр их биеийг оёно. Гэрийн эзэн гал суудалтай бол улаан өнгөөр, модон суудалтай бол ногоон өнгөөр, шороон суудалтай бол шар өнгөөр, төмөр суудалтай бол цагаан өнгөөр, усан суудалтай бол цэнхэр өнгөөр нь оёно. Даллаганы уутны ёроолыг гэрийн эзэгтэйн дээрхийн адил мах бодийн өнгөөр оёно.

-Даллагын уутны өнгө хүртэл гэрийн эзний суудал, жилээс шалтгаалах гэж үү. Ямар сонин юм бэ?

-Даллагын уутны амсрыг гэрийн эзний долоовор, дунд, ядам гурван хуруугаар хэмжээ аван өнгөрсөн, одоо, ирээдүйн буян хишгийг даллан дуудан шар өнгөөр билэгдэн оёно. Мөн өрх гэрийн хүүхдийн тоогоор бие мах бодийн өнгөөр нь гэрийн эзний баруун гарын долоовор хурууны хэмжээтэйгээр туузуудыг авч оёж өгнө. Буян хишгээ дуудан тогтооход таван мэдрэхүйгээр бэлэгдэн 25-н зүйлийг яг бодитоор нь даллагын уутан дотор нь хийдэг. Манай ард түмэн эрэгтэй хүүхдэдээ галыг нь,эмэгтэй хүүхдэд буян хишгийг тасалж өгдөг уламжлалтай. Тэр айл хэчнээн олон дадлаганы ууттай байх тусам тэр айлын буян хишиг оршиж байдаг. Охин хүүхдэдээ хүний хүн болоод явахад нь"Миний охин аав, ээжийнхээ буян хишгээс тасалж аваарай” гээд буян хишгийнх нь даллагын уут болгоноос буян хишгийг нь даллагын уутанд тасалж өгдөг. Харин эрэгтэй хүүхдэд аавын гэрийн галаас галыг нь тасалж өгдөг монгол уламжлалт ёс заншилтай.

-Ингэхэд таны  хувьд шороон гахай жил монголчуудад хэр ээлтэй байх бол?

-"Урвуулагч" хэмээх шороон гахай жил нь үнэхээр сайхан жил болно гэж бодож байна. Сав, шим ертөнцөд юмс болгон шүтэн барилдлагатай байдаг. Энэ жил газрын гарц сайн ногоо, тарианы ургац их ургана. Ерөнхийдөө газрын энерги нээгдсэн сайхан жил болно гэж харж байгаа.

-Танай хийдэд ирэхэд цөөнгүй хүмүүс үүдэнд чинь дугаарласан харагдана. Та өдөртөө хичнээн хүнийг үзэж харж, үйлчилдэг вэ?

-Манай төв нь энергийн аппаратаар тухайн хүний энергийг тодорхойлох, төрсөн он сар өдрөөр /тооны ухаанаар/ үзэж энергийн засал, энергийн эмчилгээ, энергийн бясалгал, энергийн сургалтуудыг зохион байгуулдаг. Манай төв нь 1993 оноос хойш давхардсан тоогоор 258 мянга гаруй хүн үзэж, 13 төрлийн судалгааны ажил хийсэн. Тоо бүр энергитэй, утга агуулгатай тооны гайхамшиг их агуу. Алдарт эрдэмтэн Пифагор "Ертөнцийг тоо удирдана" гэж хэлсэн байдаг. Би анх 2010 онд лекц уншихдаа 10 дахь жилдээ тооны ухаанаа ард түмэндээ задлаж лекц уншина гэж хэлсэн. Тиймээс "Тооны гайхамшиг” сургалтуудаа одоо ч явуулж байна.

Хүн зүгээр байж байгаад өвддөггүй, хэрэгт төвөгт ордоггүй, нас бардаггүй. Хүнд 12 жилийн давтамж, есөн жилийн мэнгэ голлох, таван жилийн сөрөг муу үүдийн давтамж, нарны долоон жилийн давтамж, хэлбэлзэл, долгион үйлчилдэг. Бид чинь шим, сав ертөнцтэйгээ үргэлж холбоотой. Өөрөөр хэлбэл "Бидний далд ухамсар, дэлхийн далд ухамсартай нэгэн хэлбэлзэлд, нэгэн долгионд нэгэн давтамжинд оршдог.

Сүүлийн үед та захиалгаар албан газруудад үйлчилдэг болсон гэсэн. Таныг урьж залсан албан газруудад ямар лекц уншдаг вэ. Сэтгэл заслын тухай лекц уншдаг юм уу эсвэл мэргэ төлгө тавих уу?

-Би албан газруудын захиалгаар хүссэн сэдвээр нь лекц яриа хийдэг. Саяхан Дархан хотын нэг албан газрын хүсэлтээр “Бодол биелж, үг амилдаг” тухай лекцээ уншаад ирсэн. Энэ жилдээ багтан “Тооны гайхамшиг” лекцээ ард түмэндээ уншихаар төлөвлөж байна.

Мөн "Бодол биелж, үг амилдаг", "Эзэн хичээвэл Заяа хичээнэ" , "Үйлийн үр", "Усан ертөнцөд ухаалаг амьдарцгаая", "Гал голомт"гэх мэт олон төрлийн лекцүүдийг уншихаас гадна олон улсын энергийн хурлыг Улаанбаатарт дөрвөн удаа зохион байгуулсан. Лекцээ уншихдаа уламжлалт ёс заншил, шашин, шинжлэх ухаан, өрнө, дорнын ёс заншил, өөрийн судалгааны ажилтайгаа холбон уншдаг юм. Хөвсгөл далай дээр наймдугаар сарын 8-нд “Усан ертөнцөд ухаалаг амьдарцгаая”, есдүгээр сарын 9-нд Дэмчигийн хийд дээр “Газрын диваажин” бясалгалаа арван дахь удаагаа зохион байгуулна.

Таны уншдаг мөнгөний тухай лекцэнд сууж, түрийвчээ даллахаар хүмүүс их очдог. Лекцэнд чинь суугаад мөнгөтэй, баян болсон хүмүүс хэр олон байдаг вэ, та судалж үзсэн үү?

-Хүний түрүүвч нь даллагын ууттай л адил. Дээр үед монголчууд мөнгөө улаан хадаг, улаан даавуунд боож авдартаа хадгалдаг байсан. Түрүүвч гэдэг нь  үүний нэгэн адил мөнгөө хадгалах  эд баялгийн сав юм. Хүмүүс хэтэвчиндээ мөнгөө зөв цэгцтэй хийх ёстой. Мөнгөтэй зүй ёсоор харилцахгүй бол мөнгө эзэндээ очдоггүй. Урагдаж хуучирсан мөнгийг хүртэл сайхан янзлаад хэтэвчиндээ хийх хэрэгтэй. Намайг зарим нэг хүмүүс “Сарандаваа мөнгө хурайлаад дуудахаар мөнгөтэй болдо“ гэж ойлгодог. Энэ нь буруу ойлголт.

-Тэгээд мөнгөтэй болдоггүй гэсэн үг үү?

-Би хүмүүст мөнгөтэй болох арга замыг л зааж өгдөг. Мөнгө бол тодорхой хэмжээний энерги агуулсан амьд бие. Мөнгөтэй больё, наймаа хийе гэж бодсон ч эзэн нь таалагдахгүй бол мөнгө очдоггүй. Очсон ч тогтдоггүй юм байна. Тийм учраас мөнгийг тогтоох мөнхийн хууль гэж байдаг. Би өнгөрсөн хугацаанд 90 орчим ном бичсэн байдаг. Тэдгээрийн найман мөнгөний тухай ном бичсэн.

Номуудаасаа дурдвал, 2010 онд “Мөнгөний хүчийг мэдрэхүй”, 2011 онд “ Мөнгөний тархи”, 2012 онд “ Таван хишгийн даллага”, 2013 онд “ Бид мөнгөний боол биш? Бид мөнгөний эзэн” 2014 онд “ Эд баялгийн алтан судар”, 2015 онд “ 78:22 Алтан зарчим. Мөнхийн дүрэм”, 2016 онд “ Оюун бодлоороо эд баялаг”, “Мөнгөтэйгөө харьцах  108 ухаан”, 2017 онд “Буян хишгийн даллага” зэрэг номыг ард түмнийхээ гар дээр гарын авлага болгон хүргэсэн.

Тэрнээс биш би мөнгө дууддаг, мөнгөтэй болгодог хүн биш шүү дээ. Өөрийнхөө бодлыг удирдан далд ухамсраа сэрээн, мөнгийг өөрийнхөө энергийн эрч хүчээр дуудах хэрэгтэй. Хүн яаж амьдрах нь өөрөөс нь шалтгаална. Бусдаар би хүн болгонд таалагдах албатай биш. Миний бодлоор 10 хүний долоо нь миний лекцийг сонсдог байхад гурван хүн нь муу хэлнэ шүү дээ. Ер нь хүн муу хэлж амьдрах нь өөрсдийн энерги нь бохирддог гэдгийг ер мэдэхгүй юм. Энергийн хууль гэж бий. Тиймээс манай монголчууд “Өөдөө хаясан чулуу өөрийн толгойн дээр” гэж хэлж ирсэн шүү дээ.

-Ингэхэд та хэзээнээс зөн билэгтэй гэдгээ мэдэв?

-Би эцэг, эхээс наймуулаа.Би нагац ахдаа өргөгдсөн хүүхэд байгаа юм. Би Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрөөд, Дундговь аймагт хүүхэд нас маань өнгөрсөн. Сургуульдаа сайн сурдаг. Соёлч нөхөрлөлийн анги гээд олон таван хошуу авдаг байлаа. Дээд сургуульд байхдаа гандан руу ангийнхаа хүүхдүүдийг их дагуулж ирдэг байсан. Миний багш Дундговь аймгийн хүн Гэвш цолтой тарнины шившлэгтэй хүн байсан. Багш маань миний хоёр хүүхдийн нэрийг хайрласан хүн.

Хүүхдүүдээс нь таны чадварыг өвлөсөн хүүхэд бий юу?

-Бага хүү маань гурван жил Японд улсад усны сургалтад сууж, магистрын зэргийг  монголд хамгаалсан. Нэг хүү маань энергийн дасгал хөдөлгөөний чиглэлээр магистрын зэрэгт суралцаж байгаа.

Хүнийг хараад хувь заяаг нь шууд хэлж чадах уу?

-Хүний нүүр дээр тэр аяараа мэдээлэл нь байж байдаг. Тэгээд дараа нь төрсөн, сар, өдрөөр нь өнгөрсөн, одоо, ирээдүйгээр нь хэлж чадна. Хүний нүд бүгдийг өгүүлдэг. Хүний бүх мэдээлэл харцанд шингэсэн байдаг. Бид энергийн нүдний дурангаар хүний хувь заяаг үзэж, энергийг тодорхойлох судалгааны ажил хийж байна.

Та Монголын анхны “Зөнгийн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож байсан санагдана. Гэтэл Оросын зөн билгийн тулаан шоу байсан тухай нэвтрүүлэг гарсан, үзсэн биз дээ?

-Манай анхны “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг үнэхээр сайн зохион байгуулсан. Монголын шилдэг эрдэмтэн, доктор, профессороос бүрдсэн таван шүүгч шүүж байсан. Талийгаач Ч. Дашцэрэн гуай их мундаг хүн байсан. Дээшээ харсан гурвалжинг эр гурвалжин, доошоо харсан гурвалжинг эм гурвалжин энэ хоёр гурвалжинг нийлүүлээд оюун санааны гурвалжин гэж ярьдаг байсан. Их, дээд сургууль төгссөн хүмүүст ромбо өгдөг нь ийм учиртай байхаа.  Тиймээс ч  Ч.Дашцэрэн гуай ромбу гаригтай холбогддог гээд байдаг нь өөрийнхөө оюун санаагаараа дээд хүч сансар ертөнцтэйгөө далд ухамсараараа холбогддог байсан болов уу гэж боддог. Би Ч.Дашцэрэн гуайг их хүндэлдэг.

Хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар танаас тусламж гуйдаг вэ?

Энэ олон жилийн хугацаанд судалгаа хийж байхад хүмүүс нэгдүгээрт эрүүл энх баймаар байна гэж ханддаг. Хоёрдугаарт бид ажил төрөлтэй баймаар байна. Гуравдугаарт мөнгөтэй баймаар байна гэж ханддаг. Хүний биеийн хоёрхон хувь нь махан бие шүү дээ. Үлдсэн 98 хувь нь оюун санаа. Тийм учраас зөв бодолтой, зөв сэтгэлтэй байж  далд ухамсраа сэргээн,өөрийнхөө энергиэр сайн сайхан, зүйлээ дуудаж хүссэнээр амьдарч, санаснаараа жаргах хэрэгтэй. Хүн яаж, ямар амьдрах нь өөрөөс нь шалтгаалдаг. Амьдралаа тэгшлэх алхмыг хувь хүн өөрөө л хийнэ. Өөрийнхөө арчаагүй ядуу бодол, сэтгэлгээ хүнд муугаар л нөлөөлдөг. Тийм учраас “Хүн сэтгэлээрээ, шувуу жигүүрээ” гэж ардын сайхан зүйр цэцэг үг байдаг даа. Хүн сэтгэлээ зөв сайхан болговол өөрийн амьдрал нь дэвжиж, дээшилж, аз жаргалтай амьдарна.

Манай төвийн уриа “Бодсон болгоноо бодит болгож, бодлоо биелүүлж, үгээ амилуулж хүссэнээрээ амьдарцгаая. Болноо, Бүтнээ, Хийнээ, Итгэнээ,/ Эдгэнээ/, Ялнаа, Дийлнээ, Чаднаа” хүн сэтгэлээ сайхан болговол өөрийн бодлыг бодит болгож чадна. Өөрөөр хэлбэл сэтгэлийн тусгал бол бодол гэсэн үг. Иймээс сайн явах нь санааных юм шүү. Тэр алдартай “Secret” ном үүнийг л хэлсэн байдаг. Энэ номын нууц нь монголчуудаас анх үүсэлтэй гэж боддог. Монголчуудын далд ухамсрын нууц, сав, шим ертөнцийн байгалийн хууль, оюун санааны  эрч хүч энергийн гайхамшиг юм.

-Сүүлийн үед монголчууд мухар сүсэгт хэт автаад байх шиг?

-Хүний төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаар үзээд зурхайг нь зурдаг. Миний бодлоор бол Европ эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, сэтгэл зүй гурав нэг цогц байх хэрэгтэй гэж боддог. Гэтэл өнөөдөр энэ гурав маань тус тусдаа салаад өөр өөрийн  эмчилгээгээ хийж байна. Хуучин цагт мэс засал хийлгэх гэж байгаа хүнийг “Ламд үзүүлээд ир” гээд явуулдаг байсан. Одоо ч тийм зүйл байгаа байх. Учир нь тухайн хүний оюун санааг сайхан болгох, итгэл үнэмшил өгөх, оюун санаагаараа махан биеэ удирдах эрч хүчийг өгдөг байсан байна. Хүний сэтгэл гэж агуу, бодол их хүчтэй. Хүн сэтгэлээрээ ямар ч өвчнөөс салж чадна. Би 2014 онд Боловсролын их сургуульд “Сэтгэл судлалын уламжлалт арга” сэдвээр философийн доктор хамгаалсан.

-Зарим бөө, удган, үзмэрчид хорт хавдрыг хүртэл эмчилж чадна гэдэг. Ер нь ийм хүмүүс хорт хавдрыг эмчлэх боломжтой юу?

-Өнөөгийн нийгэмд олон янзын шашны урсгалууд гарч ирсэн байна. Гэхдээ шашин болгоны зам өөр боловч оргил нэг байдаг. Тийм учраас би хүмүүсийн хүний оюун санаагаар битгий тоглоорой. Гол нь өөрийнхөө мэдэж, сурсан зүйлээ, зөв л ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Усаар хүн эмчлэх хачин сайн шүү дээ. Би Японы эрдэмтэн Масару Эмототой хамтран  гурван жил судалгааны ажил хийсэн. Монголд хоёр удаа Олон улсын эрдэм шинжилгээний хурал, хийж лекц уншсан. Монголд өөрөө нэг удаа, хүү нь нэг удаа ирсэн.

Та далдын чадвараа хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Би өөрөө бялсгал хийх далд ухамсраа хөгжүүлэх, хүний далд ухамсартай харилцах, хүнийг ховстож, муу муухай сөрөг мэдээллийг устгах,  энергиэ нөхөх, сэргээх, энергийн өнгөөр заслуудыг хийдэг.

Би анх 2004 онд АНУ-ын Дэлхийн энергийн төвд энергиэ шалгуулж, “Их энергитэй хүн”-ээр шалгарч диплом, батламж гардан авсан. Мөн 2015 онд Оросын энергийн эрдэмтэн Коротковын Олон улсын энергийн хуралд оролцож, “Бид байгалиас энергиэ нөхөн авах 10 арга” илтгэл тавьж, тэднээсээ “Энергийн их мастер“ цол болон цом, диплом авсан.

Анх төвөө байгуулахдаа өөрийн 0,07 га газартаа барьсан гэж байсан. Одоо банкны  зээл тань дууссан уу?

-Өөрийн амьдарч байсан 0,07 га газар дээрээ “21 Дарь эхийн бодлын орон түлхүүр” хийдээ барьсан. Миний хувьд энэ жил зээлээ төлж дуусна. Манай хийд нь үйлчлүүлэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчилдэг.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж