Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр талийгаачийн үхлийн шалтгааны талаар мэдээлэхдээ гаднын нөлөөгүй амиа алдсан, бие дээрх хөх толбыг хүүрийн толбо хэмээн тайлбарласан юм. Тэгвэл уг мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэн үгүйсгэж талийгаачийг зодуулснаас болоод амиа алдсан гэдэгтэй санал нэгдэж байгаа. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт өнгөрөгч баасан гаригт /2019.02.22/ гарсан бөгөөд уг асуудлаар талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбаттай дахин холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
-Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу. Дүүгийн тань амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр дүгнэж үү?
-Өнгөрөгч Баасан гаригт буюу 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт гарсан гэсэн. Өнөөдрийн байдлаар уг дүгнэлттэй танилцаагүй явна. Шүүх эмнэлгийн дүгнэлт Дорноговь аймгийн мөрдөн байцаагчид очсон гэсэн. Бид маргааш Эрдэнэтээс гарах бодолтой байна. Хэрвээ очиж амжихгүй болохоор байвал өмгөөлөгчөө явуулж дүгнэлттэй танилцах байх.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт яагаад удааширсан юм бол?
-Шүүх эмнэлгийн дүгнэлт 21-30 хоногийн дотор гардаг гэж хуулиндаа заасан байдаг юм билээ. Анхны дүгнэлтийн талаар та бүхэн мэдэж байгаа байх. Урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, ил харагдах шарх сорвигүй гарсан гэсэн байсан. Тэр бол илт худлаа дүгнэлт. Тиймээс манай гэр бүл дахин шинжилгээ хийлгэхээр хандсан нь энэ юм.
-Та хотод хэдийгээр ирэх вэ? Энэ асуудлаар холбогдох яам, агентлагт хандав уу?
-Би дүгнэлттэйгээ танилцчихаад хот орох байх. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг харж байж дараачийн асуудалдаа орно.
-Талийгаачийг зодсон гэх ахлагч нарт ямар арга хэмжээ авсан юм бол?
-Тэр асуудлыг ёстой хэлж мэдэхгүй байна. Хэрэг гарсны дараа саатуулсан гэж надад хэлсэн.
-Батлан хамгаалах яамны болон Зэсвэгт хүчний жанжин штабаас хүмүүс тантай биечлэн уулзсан уу?
-Уулзаагүй. Нэг удаа л утсаар ярьсан. Энэ хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулахаар болж байгаа юм билээ. Дахиад цэргүүдээс байцаалт авна гэж байсан.
Э.АРИУН
Холбоотой мэдээ