Саудын Арабаас АНУ-д суух дараагийн Элчин сайдаар гүнж Рима Бинт Бандар Аль-Саудыг сонгосон нь тус улсын хувьд анхны эмэгтэй Элчин байд болж байна. Энэ тухай Саудын Арабын эрх баригчид бямба гаригт /2019.02.23/ мэдэгдсэн байна.
Түүний эцэг нь 1983-2005 онд АНУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд Рима бага насаа аавынхаа дэргэд Вашингтон хотод өнгөрөөсөн байна. Өдгөө 44 настай тэрбээр Жорж Вашингтоны их сургуулийг Музей судлалын чиглэлээр төгсчээ. 2005 онд эх орондоо ирээд төрийн болон хувийн салбарт аль алинд нь ажиллаж байсан гүнж Рима хүйсийн тэгш бус байдлыг хүчтэй эсэргүүцдэг нэгэн. Мөн хөхний хорт хавдартай тэмцэх ажлаараа улс орондоо танигдсан эмэгтэй аж.
Турк дэх Саудын Арабын консулын газарт сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн улмаас үүссэн олон улсын эсэргүүцлийг Саудын Арабын эрх баригчид зохицуулахыг оролдож буй энэ хүнд цаг үед гүнж Рима дээрх албан тушаалыг хашихаар болсон нь маш их хариуцлагыг түүнээс шаардаж байгаа юм. Дэлхий нийтийн зүгээс сэтгүүлчийн аллагын гол захиалгч нь Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман гэж үзэж байгаа ч тус улсын удирдагчид энэ бүхнийг одоо болтол үгүйсгэсээр байгаа билээ. Одоогийн байдлаар уг хэргийг НҮБ шалгаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ