Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужид хууль бусаар, үйлдвэрийн бус нөхцөлд үйлдвэрлэсэн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас одоогоор 99 хүн амиа алдаж, 200 гаруй хүн эмнэлэгт хэвтээд байгаа тухай албаны хүмүүс мэдээлжээ. Амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлалтай байгаа аж. Энэтхэгийн хөдөө хот тосгодод ийм төрлийн хямд үнэтэй гэрийн нөхцөлд исгэсэн согтууруудах ундааг хууль бусаар үйлдвэрлэх нь элбэг байдаг бөгөөд хоёр долоо хоногийн өмнө хойд нутгийн Уттар Прапеш болон Уттаракханд мужид дээрхтэй ижил шалтгаанаар 100 орчим хүн амиа алдсан юм. 2011 онд хууль бус согтууруулах ундаанаас хамгийн их буюу 170 орчим хүн хордож амиа алдсан хэрэг гарч байжээ.
Ассам мужийн Голагхат дүүргийн захиргааны ажилтны мэдээлснээр, анхны хохирогч Пүрэв гаригт /2019.02.21/ амиа алдсан ба хохирогчдын дунд хэд хэдэн эмэгтэй байсан гэв. Мөн хохирогчид бүгд цайны талбайн ажилчид байсан гэнэ. Хүмүүс эмнэлэгт ирэхдээ ихээр бөөлжиж, цээж нь хүчтэй өвдөж, амьсгалж чадахгүй гэх мэт зовиуртай ирж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагаас энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд хэрэг гарсан мужийн нэг айлаас 1,5 литр согтууруулах ундааны төрлийн шингэн олсон байна. Тус шингэний найрлагыг шалгаж үзэхэд согтууруулах ундааг хөлдөхөөс сэргийлэх болон хадгалах хугацааг уртасгах зорилгоор хэрэглэдэг “метанол” хэмээх бодис байх ёстой хэмжээнээс хэтэрсэн байжээ. Өчүүхэн бага метанол ч хүний элгийг гэмтээх, хараагүй болгох, тэр ч байтугай үхэлд хүргэх аюултай юм байна. Энэ хэрэгтэй холбогдуулан нэг эрэгтэйг сэжиглэн баривчлаад байгаа ажээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ