Цанын спортын 2019 оны ДАШТ Австри улсад үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй ойрын зайн спринт уралдааны медалийн эзэд тодорсон бол өчигдөр цанын 2 төрөлтийн эхний уралдаан болох том толгод болон 10 км-н уралдаан болж медалийн эздээ тодруулжээ.
Цанын 2 төрөлт нь эхлээд тамирчид трамплин харайлтад үзүүлсэн амжилтын дарааллаар цанын төрөлдөө гараанаас гарч уралддаг. Трамплин харайлтад Германы Эрик Френцел 130.5 м харайснаар бүх өрсөлдөгч нараа тэргүүлсэн бөгөөд дараа нь 10 км-н гүйлтийн цанын уралдаандаа 23 мин 43 сек-н амжилт үзүүлэн хоёр төрөлдөө хоёуланд нь тэргүүлж аваргын алтан медаль хүртжээ. Тэрээр цанын төрөлдөө Норвегийн Я.Шмидийн ард явж байсан ч төгсгөлийг сайн хийснээр аваргын алтан медалийн эзэн болсон юм. Хүрэл медалийг Австрийн Ф.Рерль хүртсэн байна. Харин энэ улирлын дэлхийн цомд өндөр амжилттай байгаа Норвегийн Я.Рийдер, ЯПоны А.Ватабе, Й.Ридцек, Ф.Риссле нар медальгүй хоцорсон.
Аваргын алтан медаль хүртсэн Э.Френцел энэ улирлын дэлхийн цомд төдийлөн өндөр амжилт үзүүлж чадахгүй байгаа ч дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байна. Энэ медаль бол түүний ДАШТ-ээс хүртэж буй 6 дахь алтан медаль болж байгаа бөгөөд цанын 2 төрөлтөөр ДАШТ-ээс хамгийн олон буюу 6 алтан медаль хүртээд байсан нутгийн тамирчин Й.Ридцекийн амжилттай зэрэгцэж байна.