Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээгийн “Сониндумаа” номын нээлт өнөөдөр /2019.2.22/ боллоо. “Сониндумаа” нь өдгөө 87 нас хүрч буй Х.Цэвлээ хэмээх өвгөн буурал сэтгүүлчийн Монголын сэтгүүл зүйн салбарт 60 гаруй жил ажиллах хугацаандаа бичсэн бүтээлийн түүвэр юм.
Нээлтэд Монголын сэхээтнүүд хүрэлцэн ирсэн байлаа. Нээлтийн үеэр зохиолчийн сэтгэгдлийг сонсоход “Сониндумаагаар 87 хүртэлх насандаа хийж бүтээсэн зүйлээ уншигчдадаа тайлагнаж байгаа юм. Миний бие түмэн олны сэтгэлийн мананг бага ч гэсэн арилгахыг хичээсэн юм. Номонд есөн бүлгийн 80-иад нийтлэл багтсан" гэв.
Тэрбээр залуу сэтгүүлчдэд хандан “Сэтгүүлчид үнэнийг олох ёстой. Мөн хүн ардыг аз жаргалтай болгох ёстой. Хөөрхөн ааштай, хүүхэд зантай яваарай” хэмээн захилаа.
Х.ЦЭВЛЭЭ: ШАТНЫ ГИШГҮҮР АЛГАСАЛГҮЙ ГИШГЭСЭН
Ардын уран зохиолч Т.Галсан “Би Х.Цэвлээг арван хуруу шигээ мэднэ. Х.Цэвлээ хөдөөний хүн атлаа цагаан царайтай, эмэгтэй хүн харахаараа хацар нь ягаардаг гэмтэй, шоволзсон залуу байсан. Х.Цэвлээ шатны гишгүүр алгасалгүй гишгэсэн хүн. Сонины үсэг өрөхөөс эхлээд, үгийн “бөөс” түүж, дараа нь сонины нарийн бичгийн дарга болсон байдаг. Шавь гэхийн учир нь түүний аравдугаар ангийн үнэмлэхийн ангийн багшийн нэр дээр миний нэр бий. Намайг ардын хүүхэд хүмүүжүүлэх эрхгүй, атан тэмээ хариулах үүрэгтэй болчихоод алтан говьд явж байхад Х.Цэвлээ шавь маань ирсэн юм.
Улс төрийн эсэргүү болсон хүн ямар л олигтой байх вэ дээ. Даргад хүмүүс шинэ шөл уулгаад, шилтэй юм ярайлгаж байсан. Намайг тэнд ороход дарга нар тахалтай хүн ороод ирсэн аятай эмзэглэж байсан. Харин Х.Цэвлээ “Та нааш суугаач” гэсэн. Тэр үед надад “Эсэргүүг хүндэтгэсэн гээд албанаас нь буулгачих юм биш байгаа даа” гэж бодогдсон. Х.Цэвлээгээс “Намайг юу гэж бодож байна” гэж асуухад “Та сэхээтэн” гэж хариулсан юм. Улс төр маань намайг тэмээчин гэж байхад энэ хүн сэхээтэн гэж байгаа нь тархиндаа гэгээтэй, үйл хэрэгтээ үнэнч яваарай гэсэн захиа байсан даа. Б.Ренчин багш эргэж очихдоо “Мөс мөнх биш” гэж хэлсэнтэй яг адил жинтэй үг байсан. Х.Цэвлээгээ Төрийн шагналд нэр дэвшүүлэх саналтай байна" гэсэн юм.
Х.ЦЭВЛЭЭГ НОБЕЛЬД НЭР ДЭВШҮҮЛЬЕ
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян “Цагаан сарын үеэр Х.Цэвлээгийн улаан ном гарах гэж байна гэсэн яриа гарсан. Үүнийг сонсоод гарах өдрийг нь хүлээж байлаа. Х.Цэвлээг Т.Галсан Төрийн шагналд тодорхойллоо. Харин би түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх саналтай байна. Монголын сэтгүүл зүй дэлхийд алдартай. Хугацааны хувьд ч, бүтээл туурвилын хувьд ч” гэсэн юм.
Холбоотой мэдээ