Ц.Элбэгдорж: Надад хуулиас зугтаах ямар ч шаардлага байхгүй | News.MN

Ц.Элбэгдорж: Надад хуулиас зугтаах ямар ч шаардлага байхгүй

Ц.ЭЛБЭГДОРЖ

Ц.Элбэгдорж: Надад хуулиас зугтаах ямар ч шаардлага байхгүй

ВИДЕОГООР: 

Хуулийн засаглалд монголчууд бүгдээрээ итгэдэг

ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй

Би хаана ч байсан хууль дуудвал хүрээд л ирнэ. Монгол улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газар/АТГ/-т мэдүүлэг өгөхөөр очсон байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувьд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн Тавантолгойн гэх 178 хуудас материалын мөрөөр тус газраас мэдүүлэг авахаар дуудав. Харин Ц.Элбэгдоржийн зүгээс "Х.Баттулга 178 хуудас гэх материалаа ил болгох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэхийн эсрэг, мөн цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг. Энэ талаарх байр сууриа ч хэвлэлээр болон олон нийтийн сүлжээнд сүүлийн үед идэвхтэй илэрхийлэх болсон.

Тодруулбал, тэрбээр Шанхайн ломбардад Монголыг тавьж болохгүй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж анхааруулсан. Ямартаа ч өмнө нь хэлж байсан шигээ "Хууль дуудсан цагт гутлаа өмсөөд, зангиагаа засаад очих ёстой" гэснийхээ дагуу АТГ-т мэдүүлэг өгөхөөр очжээ. Энэ талаар твиттертээ "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлөн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" гэж жиргэсэн юм.

Тавантолгойн гэрээг хариуцаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайханы хувьд Тавантолгойн гэрээ Ц.Элбэгдоржтой ямар ч хамааралгүй гэдгийг онцолсон байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрдүүлсэн Тавантолгойн материал бол үзэглээгүй гэрээний төсөл төдий юм. Үзэглээгүй гэрээний төсөлтэй холбож АТГ-аас экс Ерөнхийлөгчийг дуудсаны дагуу тэрбээр мэдүүлэг өгөхөөр очоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирсний дараа сэтгүүлчид түүнээс байр суурийг нь сонирхлоо. Тэрбээр "Сайн байцгаана уу, сэтгүүлчид ээ. Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой. Хууль дуудсан цагт очиж хариулт өгөх үүрэгтэй. Хуулийн засаглал дуудсан цагт хүн бүр очих ёстой. Албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. ШХАБ-д элсэж болохгүй. Монголын ард түмэнд аюул учруулна. Тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Миний хувьд Ерөнхийлөгчийг тэр материалаа ил тод болгооч гэж хэлж байгаа. Монгол Улсын хувьд бол хууль том хүч. Хуулиас зугтаах ямар ч шаардлага надад байхгүй" гэв.

Тэрбээр АТГ-т байцаалт өгч гарч ирснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-Та сүүлийн  үед ШХАБ-ын асуудлаар  нэлээн хүчтэй байр сууриа илэрхийлэх болсон. Энэ нь магадгүй өнөөдөр АТГ-д дуудагдах шалтгаануудын  нэг байв уу?

-Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр асууж тодруулга авсан.  Ер нь хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль  дуудах юм бол бид нар ирж асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Хуулийн засаглалд монголчууд бүгд итгэж явах  ёстой  гэж би хувьдаа боддог. Бид хоёр зүйл л  хийхгүй байх ёстой. Нэгдүгээрт  албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. Хууль дуудсан бол хуулийн өмнө ирж, хуулийн байгууллагыг хүндлэх ёстой. Хоёрдугаарт, Монгол Улс  ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна.

 -Ерөнхийлөгчийн АТГ-т өгсөн 178 хуудас  материалтай танилцсан уу?

-178 хуудас материалтай би танилцаагүй. Хавтаст хэрэг рүүгээ хийсэн байгаа. Харин Ерөнхийлөгчийг энэхүү 179 хуудас материалаа олон түмэнд ил болгоосой, хэвлэлийнхэнд ил болгоосой гэж хүсч байгаа. Тэр материалд нуух зүйл байх ёсгүй.

-Таныг цаазын ялыг эсэргүүцдэг учраас АТГ-д шалгагдлаа  гэх мэдээлэл ч бий?

-Цаазын ялын асуудлаар Дэлхийн конгресс жилд нэг удаа болдог. Цаазын ялын эсрэг Олон Улсын комисс ч гэж бас бий.  Би тэнд бас үүрэгтэй. Одоо Конгресс болох гэж байгаа. Би тийшээ яваад ирнэ. Санаа зоволтгүй хурдан яваад ирнэ.

-Таныг АТГ-ын дарга Х.Энхжаргалыг томилсон гэж ярьдаг, үнэн үү?

-АТГ-ын даргыг УИХ томилдог шүү дээ.

-Та яг одоо юунд хамгийн их санаа зовж байна вэ?

-Бид бүхэнд үнэхээр гамшиг учруулж байгаа утаанд санаа зовж байна. Иргэн хүнийхээ хувьд үүний эсрэг хийхээр бодсон ажил бий.

 -Одоо дуудаж байна гэдэг нь хэрэг үүсгэнэ гэсэн үг.  Ер нь маш олон хэрэг шалгагддаг замхраад алга болдог. Та цаашид дуудсан цагт нь ирэх үү?

-Ирэлгүй яах вэ. Хуулийн байгууллагаас асууя, тодруулъя хэмээн дуудсан цагт ирж тайлбар, мэдүүлэг өгнө. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч. Хаана ч явж байсан Монгол Улсын хуулийн байгууллага асууж тодруулах зүйл байна, байцаалт өгөөч,  мэдүүлэг өгөөч гэвэл би хамгийн түрүүнд ирээд өгнө. Хуулийн байгууллагаас зугтаах шаардлага надад байхгүй. Яг ийм байдлаар бид хуульд хандах ёстой.

-Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу ханддаг гэж та хэлж байсан удаатай. Яг энэ нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Үгүй, үгүй. Хуулийн байгууллага шаардлагатай бол тодорхой албан тушаалтнуудыг ажлаа өгснийх нь дараа, бүрэн эрх нь дууссаных нь дараа асууж тодруулж болно. Энэ бол хуулийн байгууллагын бүрэн эрхийн асуудал.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
591
ГайхмаарГайхмаар
405
ХөөрхөнХөөрхөн
277
ЗөвЗөв
124
ТэнэглэлТэнэглэл
83
ХахаХаха
22
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж