Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнингийг өнөөдөр (2019.02.22) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Марк Кэйнинг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаад нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд олон жилийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, өргөжүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр Азийн сан, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Тус сан нь 18 оронд салбартай бөгөөд Монгол Улсад 1990 оноос хойш ардчиллыг бэхжүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, авлигыг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. УИХ-аас батлагдан гарч буй бүхий л шийдвэрүүд иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас парламентын чадавхийг сайжруулах шаардлагатай байна. Энэ үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон татварын багц хууль, тендерийн хуулиудыг шинэчлэх ажил ид өрнөж байна. Эдгээр хуулиудыг УИХ-ын хаврын ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр ажиллаж байна гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн, Монголд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн тулд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглээд, энэ хүрээнд парламентын танхимд мэдлэг, баримт, тооцоо судалгаанд суурилсан эрүүл мэтгэлцээн өрнөдөг байх, хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлэх, төрийн аливаа мэдээ мэдээллийг онлайнаар буюу цахимаар шууд хүргэдэг байх дижитал засаглалд шилжих нь хойшлуулшгүй чухал зорилт болоод байна гэв. Тиймээс парламентын ардчиллын арвин туршлагатай улс орнууд болон мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, суралцах зүйл их байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ чиглэлд Азийн сангийн зүгээс хамтран ажиллахыг хүсье гэлээ.
Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнинг тус сангаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар танилцуулаад цаашид сайн засаглал, авлигын эсрэг, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн. Тэрбээр, Аливаа асуудлаар улстөрийн эрх ашгаас илүү ард иргэдийн саналыг сонсох, тэдний эрх ашгийг тэргүүнд авч үзэх ёстой гээд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн орон нутгийн засаглал, жендэрийн тэгш байдал зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтойгоо хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.