С.Дэмбэрэл: Энэ оны сүүлчээс сорилт ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл: Энэ оны сүүлчээс сорилт ирнэ

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


С.ДЭМБЭРЭЛ: БАЯЛГИЙН САНГ ЖДҮ-ИЙН САН ШИГ БОЛГОХ ВИЙ

Монголбанкны дэргэдэх эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Улстөрчид “Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрлээ гэж сайрхацгаах юм. Эдийн засгийн өндөр өсөлт хүн амын магадгүй 10-хан хувьд нь асар хүчтэй мэдрэгдэж, үлдэж буй 90 хувьд нь  наалдахгүй  байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Эдийн засгийн өсөлт айл өрх бүр, аж ахуй нэгжүүдийн хаалгаар нь орж тэдэнд мэдрэгдсэнээр хүртээмжтэй, тогтвортой өсөлт болж байгаа юм. Ингэсний үр дүнд статистикаас гаргасан мэдээ болон төрийн түшээдийн хэлдэг эдийн засгийн өсөлтийн тоонд иргэд итгэнэ гэсэн үг. Эдийн засгийн бодит өсөлт гэдэг нь үнийн нөлөөллийг арилгасан өсөлт юм. 2015 онд эдийн засгийн өсөлт уруудаж, 2016 оны зарим улиралд хасах руугаа орсон. Эдийн засгийн өсөлтийг хардаг гурван нүдний нэг дэх нь үйлдвэрлэлийн нүд гэж нэрлэдэг. Энэ нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, үйлчилгээний салбарт нэмэгдсэн өртгийн нийлбэрээр тухайн жилийнхээ зэрэгцүүлсэн үнээр дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр нь болдог.

Хоёр дахь нүдийг зарлагын талаас нь тайлбарладаг. Эдийн засгийн өсөлт 6.2 хувь гэж үзвэл эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэгч хүчин зүйлд хөдөө аж ахуй, аж үйлдвэр багахан хэсгийг уул уурхай болон үйлчилгээний салбар ихэнх хувийг бүрдүүлж байна. Үүн дээр нэмээд бүтээгдэхүүний цэвэр татвар буюу НӨАТ, онцгой албан татвар энэ бүхний нөлөөллөөр эдийн засгийн өсөлт 6.2 хувиар хангагдаж байгаа юм. Нөгөө талаас өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт нэмэгдэх хэрээр эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.

Гурав дахь нүд болох орлогын нүд буюу хөдөлмөр, капиталын орлого хоёр нийлээд тухайн жилийн эдийн засгийн өсөлтийг мөн тодорхойлдог. Манайд голдуу эдийн засгийн өсөлтийг үйлдвэрлэл талаас нь ярьдаг. Сүүлийн гурван жил эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний сектор гол хувь нэмрээ оруулсан. Манайд түүхийн эдийн үнийн хөдөлгөөнд хамгийн түрүүнд нөлөөлдөг сектор нь уул уурхайн салбар.

Дэлгэрэнгүйг ЭНЭ  линкээр унших боломжтой.

“ХҮҮХДЭД МААНЬ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВСАН БОЛ ЭНДЭХГҮЙ БАЙСАН”

Б.Адьяамөнх хоёр сартай хүүгээ Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд цавины ивэрхий нь хавчуулагдсан хэмээн оношилж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ яаралтай ирсэн боловч эмч нар буцааснаас болж хүү тэр өдрөө нас барсан байна. Түүнтэй болсон явдлын талаар дараах ярилцлагыг хийлээ.


-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Би гэр бүлийнхээ хамт Багануур дүүрэгт амьдардаг. Миний хоёр хүүгийн нэг нь цавины ивэрхийтэй хэмээн арваннэгдүгээр сард оношлогдсон. Тухайн үед эмч “Цавины ивэрхий нь хавчуулагдах юм бол аюултай учраас яаралтай мэс засалд орно. Гэхдээ одоохондоо дөнгөж үүсч байгаа үед гайгүй ажиглаад явж байхад болно. Хэрэв хатуураад ирэх юм бол эргэж ирээд үзүүлээрэй” гэж хэлсэн.

Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүү маань өглөө сэрээд хөхөө хөхчөөд унтсан. Өдөр нь хуурайлах гээд өлгийг нь задалсан чинь цавь хэсэг нь хатуурсан байсан. Сандраад шууд л Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход мэс заслын эмч үзээд "Цавины ивэрхий нь хавчуулагдсан байна яаралтай хот руу явуулъя. Бид нар унаа тэрэг жолоочоо дуудаад нэг эмчтэй хамт явуулъя" гэсэн. Би ихэр хүүхэдтэй. Дээрээс нь хөхөөрөө хооллодог учраас яаж нөгөө хүүхдээ үлдээх вэ дээ. Тэгээд хоёр хүүхдээ аваад явсан.  Багануураас 20.00 цаг гэж гараад Налайх орохын алдад түргэний машины паар нь эвдэрчихсэн. Ингэж цаг алдсаар 23.00 цаг өнгөрч байхад  ЭХЭМҮТ-д ирсэн.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.

“ХУР СИСТЕМИЙГ БОЛИУЛСНААР ХҮНД СУРТАЛ НЭМЭГДЭНЭ“

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэлтэй мэдээллийн аюулгүй байдлын талаар ярилцлаа.


-Шинэ зуунд мэдээлэл харилцааны технологийн хурдацтай хөгжлийг дагаад аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна.  Монгол Улс  мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадаж байна уу?

-Тодорхой түвшинд хангах боломжтой. Төрийн байгууллагуудын хувьд төрийн холбооны мэдээлэл дамжуулах сүлжээ ашигладаг. Энэхүү сүлжээг тагнуулын  байгууллага хариуцдаг. Харин  томоохон хувийн байгууллагууд өөрсдөө дотроо мэдээллийн аюулгүй байдлаа стандартын дагуу дүрэм журам гаргаж мөрдөх, техник технологийн арга хэмжээ авах, хүний нөөцөө бэлтгэх хэлбэрээр хангаж ажилладаг. Иргэдийн хувьд  мэдээллийн аюулгүй байдлаа хангах наад захын  мэдлэг, ойлголттой байх ёстой. Ядаж л цахим орчинд хувийн мэдээллээ нийтэлдэггүй, нууц үгээ тогтмол солих зэрэг нь мэдээллийн аюулгүй байдлаа өөрийн зүгээс хамгаалж байна гэсэн үг.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.

 Д.ЭРДЭНЭБААТАР: ХҮННҮГИЙН ХААДЫГ ОРШУУЛАХДАА СҮЙХ ТЭРГИЙГ НЬ ЭВДДЭГ БАЙСАН

Хүрэл зэвсэг, хүннү судлаач, археологич, түүхч, профессор Д.Эрдэнэбаатартай хүннү өв соёлын баримт нотолгооны талаар ярилцлаа.


-Улс үндэстнүүд аливаа хүчирхэг түүхийг өөрийн болгох гэж маргалдах юм. Тэгвэл Хүннү гүрний түүх монголчуудын түүхтэй хэрхэн холбогдох вэ?

-Өнөөдөр Евроазийн хэд хэдэн улс “Хүннү нар бидний улс хийгээд бидний өвөг дээдэс” гээд хүннүгийн түүх соёлыг өөртөө наах сонирхолтой байна. Гэхдээ эдгээр улсуудаас өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр шиг Хүннүгийн түүх соёл, археологийн дурсгалуудыг хадгалсан  улс орон, газар нутаг бараг байхгүй. Тиймээс Хүннүгийн түүхийг өөртөө “нялзаах санаа” байвч сачий нь хүрэхгүй байгаа улсууд байна.  Монголчуудын дунд өнөөг хүртэл хэрэглэж байгаа угсаатны ёс, зан заншил, зан үйл, соёл эртний Хүннү нарын соёлоос эхтэй. Тэгэхээр тэр хүннү нарын эртний соёл, зан заншил, зан үйлийг хэн өнөөдөр хадгалж, уламжлан хэрэглэж байна. Тэр улс, үндэстэн тэр дундаа монголчууд бид хүннү нарын шууд залгамж улс үндэстэн гэдгийг маш олон баримтаар харуулах боломжууд бий

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр унших боломжтой.

“УРЛАГ ХЭТ ГАЖИХААРАА УТГАА АЛДДАГ”

Инээмсэглэл, уйтгар гуниг, хайр, харуусал. Хүний нүүрний үрчлээ болгон "үг хэлдэг".  Зураач Н.Насанбатын урлангаар зочлох үед ийм  бодол төрсөн юм. Төв зам дагуу харсан хоёр давхар улаан тоосгон байшингийн нэг давхарт байрлах урландаа сууж байхдаа тэрбээр цаг завсраар нь сошиалд идэвхтэй орж, түүхэн сэдэвт гэрэл зураг, баримтат мэдээллийг түүвэрлэх аж. Түүний уран бүтээлийн талаар ярилцсанаа хүргэе.


–Таны бүтээлүүдэд ихэвчлэн түүхэн үйл явдлыг өнөөгийн нийгэмтэй харьцуулан дүрсэлсэн байдаг. Орчин үеийг өнгөрсөн цаг үе, түүхэн үйл явдалтай харьцуулахдаа голчлон залуухан эмэгтэйн хөргөөр төлөөлөн дүрсэлсэн шалтгаан нь юу вэ?

-Хүн түүхээ уншиж, түүхээсээ харж суралцаж байдаг. Түүхийн ховор нандин агшин гэрэл зургийн хальсанд бууж үлдсэнийг зургаар "амилуулах"-ыг би хүсдэг. Жишээ нь, XXI зууны үеийн эмэгтэй хүний хөргийн ард XX зууны нийгмийн эхэн үеийн монголчуудын амьдрал тод харагдаж байна. Ерөөсөө л нийгэм цаг үе хийгээд монголчуудын хувьсан өөрчлөлтийг харуулах утга санааг илэрхийлсэн. Урлагийн талаасаа бол XXI зууны үеийн фотог уран зурагт буулгаж байгаа тул фото арт чиглэлээр зурахад хамгийн тохиромжтой. Гэхдээ аливаа зүйлийн хэм хэмжээг гажуудуулж болохгүй. Урлаг хэт гажуудалд орохоор утгаа алдаж эхэлдэг. Энэ бол уран бүтээлч хүний нүдээр харсан миний л бодол.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж