МАН-ын Удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, дараагийн Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах учиртай. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 26-нд буюу ирэх Мягмар гаригт хуралдаж, Хотын даргаа сонгох учраас түүнээс өмнө намын Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчийг тодруулах ёстой.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр орой, эсвэл Даваа гаригт хуралдах юм байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд Хотын даргад нэр дэвшигчийг дэвшүүлэх бөгөөд олонхын санал хураалтаар шийдэх юм.
Одоогоор Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх, НИТХ-ын дарга С.Амарсайханыг дахин нэр дэвшүүлэх үү, эсвэл өөр хүн нэр дэвшүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байна.
Сануулахад, өмнө нь Хотын даргад С.Мөнхчулуун нэр дэвшиж, олонхын санал авсан ч Ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзсан юм. Түүний дараа МАН-ын Хяналтын хороо НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаасаа хассан юм. Тиймээс С.Мөнхчулууны хувьд дахин эрх баригч намаас нэрээ дэвшүүлэх боломжгүй болох юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ