"Оюутолгой" ХХК хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Хөдөлмөр Орчны Эрүүл Мэндийн Институтээр 2017 оны зургадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд Өмнөговь аймагт байрлах уурхайн талбарын хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын дунд хийлгэсэн байна.
Уг тайланд үндэслэн 200 гаруй ажилчныхаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг хэвийн болгож, нэмэгдэл цалинг нь хассан талаар ажилчид нь хоёр хоногийн өмнө хэвлэлд хандан мэдээлэл хийсэн.
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.02.22/ Оюутолгой ХХК-ийн төв байрны үүдэнд тус компанийн ажилчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.
МОНГОЛЫН АРД ТҮМЭН ӨНӨӨГ ХҮРТЭЛ 50 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРООД БАЙНА
Мэдээллийн эхэнд тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр хэлэхдээ “Оюутолгойн гэрээг үзэглэснээс хойш Монголын ард түмэн өнөөг хүртэл 50 их наяд төгрөгийн өрөнд ороод байна. Оюутолгойн хөрөнгө оруулагч нэртэй компаниуд энэ их өрийг тэглэсэн гэдэг баталгааг Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газарт гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Бид холбогдох хүмүүст шаардлага ч хүргүүлсэн байгаа.
"Оюутолгой" ХХК-ийн 51-ээс дээш хувийг Монголын ард түмэн эзэмшсэнээр гурван сая 200 мянган иргэн сар бүр нэг сая төгрөгийн ашиг хүртэнэ.
Манай хөдөлгөөний зүгээс тус компанийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх болон бусад гишүүдтэй /УЗГ/ уулзан дараах таван асуудлаар ярилцах шаардлагатай байна. Тухайлбал,
- Оюутолгойн гадаад удирдлага хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэснээр ажилчдын цалин хөлсийг эрс бууруулсан тухай
- Оюутолгойн гэрээг үзэглэснээс үүдэлтэй өнөөг хүртэл асар их хэмжээний өр зээл үүссэн асуудлыг авч хэлэлцэх тухай
- Уурхайг ашиглаж дууссаны хаалтын ажиллагааны дараа ухсан нүхэнд нь атомын цахилгаан станц, эсхүл цөмийн хог хаягдал булшлах тухай нууц гэрээний тухай
- Геологийн төв лаборатори болон улсын үйлдвэрийн газруудтай хууль бус нууц гэрээ үзэглэсэн хохирлын тухай
- Оюутолгойн ордыг ашиглах явцад гүний цэнгэг усыг их хэмжээгээр хэрэглэж, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай
МОНГОЛЧУУДАД ХУВЬЦАА, АШИГ ӨГДӨГГҮЙ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ЁСТОЙ
Тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар хэлэхдээ “Оюутолгой" ХХК-д маш олон луйвар байгаа. Гадны үүргэвчтэй аяллын хэдэн хулгайч Монголд орж ирээд, өөрсдийн гар, хөл болсон УИХ-ын гишүүдээр дамжуулан татвар болон уул уурхайн бүхий л хуульд өөрчлөлт оруулан, Монгол Улсыг тонон дээрэмдэж байна.
Шар толгойтой хүмүүсийн гар, хөл болсон цөөвөр чононууд саарал ордонд сууж байна. Хөдөлмөрийн хүнд нөхцөл биш хэмээн хууран мэхлэх замаар "Оюутолгой" ХХК ажилчдынхаа хөдөлмөрийг мөлжиж байна. Уурхайн гадна, дотно ажиллаж байна уу гэдгээс үл хамааран уурхайн хашаа руу орсон л бол бүгд хүнд нөхцөл. Гадаадын ажилчид нь сар бүр 30 мянган ам.долларын цалин авч байхад монголчууд сарын 1000-1500 ам.долларын цалин авч байна.
"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Түмэнцогт Монгол Улсын эрх ашгийг хохироосныхоо төлөө жилдээ 100 мянган ам.долларын цалин авдаг. Дээрээс нь нэмэгдээд ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди, ТУЗ-ийн дарга Г.Батсүх гээд нийт гурван хүн бий. Г.Батсүх хөрөнгө оруулагч талын ТУЗ-ийн дарга.
Нэг ёсондоо монгол хүнээр өөрийнх нь эх орныг устгуулах, өрөнд оруулах ажлыг "Рио тинто" компани Г.Батсүхээр хийлгэдэг гэсэн үг. Г.Батсүх цагаан сарын өмнө нууцаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уул уурхай болон төрийн өмчит компанийн захирлаар томилогдсон. Тэр хэрхэн энэ өндөр албан тушаалыг авсан бэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 30 хувийн хууль бус IPO гаргах гэж байгаа. Энэ IPO-г зохион байгуулах ажлыг хийснийхээ төлөө авсан.
Би Г.Батсүхтэй хоёр хоногийн өмнө утсаар ярьсан. Тэгэхэд "Оюутолгой" ХХК-ийн ажилчдын цалинг хасуулсан тухай мэдээгүй байсан.
Өнөөдөр ийм хүмүүс биднийг төлөөлж ажиллаж байгаа тохиолдолд Оюутолгойн гэрээ ямар нэгэн байдлаар монголчуудад үр ашгаа өгөхгүй. Монголчуудад хувьцаа, ашиг өгдөггүй гэрээг цуцлах ёстой. Үүргэвчтэй аяллын тонон дээрэмддэг гадаадын хэдэн "хулгайч" нарыг Монгол Улсаас хөөж гаргаж, эд хөрөнгийг нь хурааж авах ёстой.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ