Хятад даргын үзэгний үзүүрээр Австралид хямрал нүүрлэлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Хятад даргын үзэгний үзүүрээр Австралид хямрал нүүрлэлээ

Хятад даргын үзэгний үзүүрээр Австралид хямрал нүүрлэлээ

-“Нэг бүс, нэг зам”-аас түдгэлзсэн нь нүүрсний импортоор барьцаалагдахад хүргэв үү-

Австралид болсон үерийн дараахнаас нүүрсний импортын хэмжээгээ бууруулсаар байсан БНХАУ импортын гол шугам Далиан боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах болсон талаар “Ройтерс”, “ABC” мэдээлжээ. БНХАУ-ын тус боомтоор Австралиас жилд 12 сая тонн коксжих нүүрсийг экспортлох квоттой аж.

Хэдийгээр өмнө нь нүүрсний импортоо бууруулах тухай мэдээлж байсан ч ОХУ, Индонез, Монгол зэрэг орноос авах нүүрсний импортдоо хориг тавихгүй байгаагаас үүдэн ийнхүү боомтоо хаасан явдлыг улс төрийн шийдвэр гэж үзэж байгаа гэнэ. Австрали бол БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг импортолдог, Хятадад хийсэн экспортоосоо жилд 70 орчим тэрбум ам.доллар олдог гэдэг. Тиймээс экспортын гол орлогоо ийн хаалгаснаар австрали долларын ханш эрс буурах эрсдэлтэй тулаад байгаа юм.

Ердөө өчигдрөөс олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд БНХАУ-ын Засгийн газар эх газрын хилийн боомтуудад нүүрсний импортын гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг 40 хоногоор зогсоох шийдвэр гаргасныг мэдээлсэн. Энэ шийдвэрийн улмаас Австралийн нүүрсний зах зээлд тодорхойгүй байдал үүсч, ханш 30-аад хувиар огцом унаад байна.

Үерийн дараахан буюу энэ сарын 8-ны өдөр Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон үерийн улмаас 300 сая гаруй ам.долларын хохирол амсаад байгаагаа, хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэхээр байна гэсэн юм. Мөн үерийн аюулд уул уурхайн салбар нэрвэгдсэнийг дурдаад, уул уурхайн олон компани ажилтнуудтайгаа гэрээгээ цуцалж эхэлснийг ч нуулгүй мэдэгдсэн.

Энэ мэдэгдлээс хойш гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр бас нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь үерийн гамшгийн зэрэгцээ тус улсын парламентын компьютерийн сүлжээнд хакерууд халдаж, улс төрийн гурван намын мэдээллийн санг сүйтгэснийг Холбооны парламентын хуралдаан дээр мэдээлсэн байна.

Моррисон мэдэгдэлдээ Үндэсний кибер аюулгүй байдлын агентлагийн мэргэжилтнүүддээ итгэж байгаагаа илэрхийлээд, энэ бүхний цаана гадаадын Засгийн газрын оролцоо бий хэмээн дурджээ.

Үүний өмнө Австрали, БНХАУ улсын хооронд дээрх сэдвээр маргаантай асуудал өрнөж байсан удаатай. Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө Хятадын “Нэг бүс, Нэг зам” санаачилгад оролцохоос түдгэлзэх шийдвэрийг Австралийн Засгийн газар гаргажээ. Энэ тухай The Australian сонинд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гуравдугаар сард Австралид хийсэн айлчлалын талаарх мэдээллээс иш татан бичсэн байдаг. The Australian сонинд бичсэнийг үзвэл, тус улсын Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын хорооны хурлын үеэр сайд нарын ихэнх нь эргэлзсэн байр суурьтай байсан аж.

Бээжингийн санаачилгад Австрали улс нэгдэхийг хүсэхгүй байгаагийн гол шалтгаан нь санамж бичигт гарын үсэг зурснаар Австралид ямар үр өгөөжтэй вэ гэдэг нь тодорхойгүй байсан явдал юм. Үүнээс үүдэн Ли Көцяны айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурахгүй гэдгээ Австралийн засгийн газар Хятадын талд мэдэгдсэн байна. Үүнээс хойш хоёр улсын харилцаа төдийлөн сайжраагүй. Эрх баригчдын төлөөллүүд нь удаа дараа уулзаж байсан ч олигтой ахиц гараагүйг уулзалтын мэдээллүүд харуулдаг.

Ийнхүү хоёр талын харилцаа таагүй байгаа нь Австралийн үерийн дараах энэ хүнд үед дахин эдийн засгийн шахалт болон ирж байна. Хэдийгээр Хятадын холбогдох албаны хүмүүс “Австралийн нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг хийхэд хугацаа их зарцуулж байна”, “Манайх эрчим хүчний салбар дахь нүүрсний хамаарлаа багасгаж байна” гэх жижүүрийн тайлбар хийсээр байгаа ч эндээс улс төрийн шийдвэр “үнэртээд” байгааг ажиглагчид хэлсээр байна. БНХАУ нүүрсний импортоо хязгаарлаж байгаагийнх нь хариуд Австралийн БНХАУ-ын компаниудад хийх хөрөнгө оруулалтын шийдвэрээ өөрчилж, Шинэ Гвиней дэх тэнгисийн цэргийн бааз шинэчлэн барих ажилд БНХАУ-тай биш АНУ-тай хамтрахаар болсон гэх мэтээр “худалдааны дайн” улам өдөөгдөх, өргөжих бололтой.

Энэ удаад БНХАУ-ын тал Австралиас нүүрс экспортолдог гол шугам Далиан боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах болсныг ч мөн л Австралийн нүүрсийг онилсон улс төрийн шийдвэр хэмээн үзэж байгаа талаар Австралийн санхүүгийн томоохон конгломерат CBA банкны шинжээч Вивек Дхар “Ройтерс”-т  ярьжээ.

БНХАУ жилд 75-80 сая тонн коксжих нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч буй бөгөөд 2019 онд 75 сая тонн нүүрс импортоор авах урьдчилсан төлөвлөгөөтэй байв.

Монгол Улс нүүрсний салбараас өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон, 2019 онд экспортын төлөвлөгөөгөө 42 сая тонн нүүрсээр төлөвлөж багагүй шүүмжлэл хүртээд байгаа билээ. Харин нүүрсний том нийлүүлэгчийн хувьд экспортын орлогоор “жаргаж” болох ч эдийн засгийн хоригт орвол хэрхэн “зовдог”-ийг энэ өдрүүдэд харж байна.

Хятад даргын үзэгний үзүүрээр нэг боомтоо хаахад л экспортын нүүрсний илүүдэл, үндэсний валютыг нь үнэгүйдэл зэргээс үүдэн улс орны эдийн засгийг хямрааж буй энэ байдал бидэнд яагаад ч юм тун ойрхон санагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж