Засгийн газрын 6.5 их наяд өрийг төлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Засгийн газрын 6.5 их наяд өрийг төлжээ

Засгийн газрын 6.5 их наяд өрийг төлжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран “Тинк банк 2019-Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийг  өнөөдөр /2019.02.22/Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр “Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Улс орны эдийн засаг өсөж, сэргэж, өрийн дарамтаас гарч, эдийн засгийн байдал тогтворжиж байна.

Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн нь хамгийн тогтвортой өсөлттэй арван орны нэгд зүй ёсоор орж байна. Өөрөөр хэлбэл 2018 онд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлсэн арван орны нэгийн тоонд багтаж байна.

Монгол Улс 6.5 их наяд Засгийн газрын төсвийн өрийг төлж барагдуулснаар өрийн дарамт буурч, өнөө маргаашгүй дефольт үүсэх эрсдэлээс ангижирч, өрийн тогтвортой байдал руу шилжих боломж бий болж байна. Инфляцын төвшин 7.3 хувьтай байна. Улсын төсөв 10.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ нь сүүлийн найман жилд ашигтай гарсан анхны тохиолдол. Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт. Энэ бол валютын нөөцийг тогтворжуулах, нэмэгдүүлэх, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн том ахиц, амжилт.

Иргэдийн хадгаламж ч гэсэн тогтвортой өсөж байна. 2016 оноос хойш иргэдийн хадгаламж 40 гаруй хувиар өслөө. Нийт хадгаламж нэмэгдсэн байна. Статистик харвал энэ өсөлт цөөн хүмүүс биш, нийт иргэдэд хүртээмжтэй байдлаар, нэн ялангуяа хөдөө орон нутаг, аймаг сумдын мөнгөн хадгаламж нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Сүүлийн гурван жилд ажилгүйдлийн төвшин тасралтгүй буурсаар 6.6 хувьд хүрсэн" гэв.

                        ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ ӨНГӨРСӨН ЖИЛ 977 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛСӨН 

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БАЯРДАВАА:

Зээлжих зэрэглэлийг цаашид улам сайжруулах шаардлага бий. Манай улсын гадаад өрийн тэнцэл харьцангуй өндөр түвшинд байгаа учраас зээлийн хүүгийн дарамтыг бууруулах таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Төлбөрийн тэнцлийн тухайд өнгөрсөн онд 141 сая ам.долларын алдагдалтай гарсан. Экспорт өсөж байгаа хэдий ч импортын өсөлт 36 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт. Үүнд хэд хэдэн хөрөнгө оруулалтын бараа бүтээгдэхүүн нөлөөлсөн. Импортын өсөлт 1.5 тэрбум ам.доллар боловч үүний 1.2 тэрбум ам.доллар нь хөрөнгө оруулалтын бараа бүтээгдэхүүн мөн барилгын материалын импортууд, суудлын автомашины импорт зэрэг нь 1.2тэрбум ам.доллар импортын өсөлтийн 80 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь валютын ханш, нөөц, төлбөрийн тэнцэлд нөлөөлсөн.

Хүүгийн дарамт бага зэрэг буурах төлөв ажиглагдаж байна. Бондуудын дахин санхүүжилт хямд хүүтэй байсан. Зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт өнгөрсөн жил 977 сая ам.доллар, бондын хүүгийн төлбөрт 300 сая ам.доллар, ноогдол ашигт мөн 300 сая ам.долларын урсгалууд тэнцлийн алдагдалд томоохон нөлөө үзүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт  1.9 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн жил томоохон бондуудын дахин санхүүжилт хийгдсэн. Мөн гадаад зээлийн урсгалыг авч үзвэл хувийн сектороос нийтдээ 650 сая ам.долларын урт болон богино хугацаат зээлийн төлбөр цэвэр дүнгээрээ хийгдсэн. Нүүрсний үнэ 69 ам.долларт  хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа.

Цаашид анхаарах асуудлуудыг сектор бүрээр нь авч үзвэл, гадаад секторт импортын орц, гадаад өр, хүүгийн төлбөр, ноогдол ашиг , импортын үйлчилгээний төлбөрүүд тус тус  өндөр байна. Бодит секторт эдийн засгийн төрөлжилт маш чухал. Өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд инновацийн чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай. Энэ нь иргэдийн орлогыг үнийн дарамтгүйгээр бодит өсөлт бий болгох, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР: Бодлогын хүүгийн эдийн засгийг тэтгэх үр нөлөө муу байна

Бодлогын хүү нь эдийн засгийг хөгжүүлж, эсвэл улс орныг дампууруулж болдог ийм шидтэй зүйл. Бодлогын хүүгийн эдийн засгийг тэтгэх үр нөлөө муу байна. Эдийн засгийн өсөлт өндөр үед банкуудын ашигт ажиллагаа бага, эсрэгээрээ өсөлт буурсан үед өндөр байдаг гэдэг нь үнэн. Бодлогын хүү тойрсон асуудал нь өөрөө маш том хүрээг хамарна. Тиймээс энэ чиглэлээр тусад нь хэлэлцүүлэг яриа өрнүүлэх шаардлагатай.

Валютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд Төв банкны оролцоо сэдвээр МОНГОЛБАНКНЫ НӨӨЦИЙН УДИРДЛАГА, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ А.ЭНХЖИН илтгэл тавьсан юм. Экспортын нийт 90 орчим хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлдэг. Мөн экспортын орлого цөөн тооны аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанаас бүрддэг. Өөрөөр хэлбэл валютын нийлүүлэлтийг цөөн тооны түүхий эд, мөн цөөн тооны аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанаас бий болдог гэсэн үг. Нийт хэрэглээний сагсны 40 гаруй хувийг импортын бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна гэдгийг илтгэлдээ онцлов.

Тэрбээр “Валютын ханшийг тодорхойлогч гол хүчин зүйл нь урсгал дансны алдагдал байсаар байна. Сүүлийн 10 жил манай улсын эдийн засаг урсгал дансны алдагдалтай явж ирсэн. Хэдийгээр худалдааны данс ашигтай байгаа боловч үйлчилгээ, анхдагч орлогын дансны алдагдал өндөр хэвээр байна.

Сүүлийн 15 жилийн хугацаанд төгрөг ам.долларын эсрэг зөвхөн гурван жилд нь чангарч бусад хугацаанд буюу 12 жилд нь төгрөг ам.долларын эсрэг сулрах хандлагатай байсан. Энэ нь жилд дунджаар найм орчим хувиар суларсан байдаг. ОУВС- гийн өргөтгөсөн хөтөлбөрт манай улс хамрагдсанаар эдийн засаг тогтворжиж, Монгол Улсыг чиглэсэн валютын урсгал нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан  төгрөг ам.долларын эсрэг  2.5 хувиар чангарсан. 2018 оны хувьд төгрөг ам.долларын эсрэг 8.9 хувиар суларсан. Энэ нь гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалсан.

Валютын зах дээр өдөрт дунджаар 61.6 сая ам.долларын арилжаа хийгддэг. Үүний 95 хувь нь арилжааны банкаар, таван хувь нь банк бус санхүүгийн байгууллагуудаар хийгдэж байна. 2018 онд ОУВС-гийн хүрээнд орж ирэх байсан санхүүжилт 400 сая ам.доллар тасарсан.

Бидний тооцооллоор 800 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ гэж төлөвлөж байсан. 2018 оны хувьд төгрөг ам.долларын эсрэг 8.9 хувиар суларсан нь зөвхөн манай улсад бий  тохиолдсон зүйл биш. Өнгөрсөн онд Канад, Австрали зэрэг хэд хэдэн улсын мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг суларсан. Мөн дэлхийн худалдааны дайны маргаан  ам.долларын өсөлтөд нөлөөлсөн.

Монголбанкны хувьд валютын захад түр зуурын шинжтэй буюу эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс өсч буй ханшийн огцом савлагааг бууруулахад оролцож байгаа. Өнгөрсөн онд нийт  1.2 тэрбум ам.долларыг дотоодын зах зээлд нийлүүлсэн. Томоохон аж ахуй нэгж, Засгийн газраас валют худалдан авах ажиллагааг хийж байна. Өнгөрсөн онд цэвэр дүнгээр монголбанк 420 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэхдээ "Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг бий болгоход бодит хувь нэмэр оруулж байгаа. Банк, санхүүгийн системд хууль, эрх зүйн шинэчлэлийг амжилттай хийлээ. Мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мөнгө зээлийн зохистой өсөлтийг хангаж, эдийн засгийн сэргэлт эрчимжиж байна.

Зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд гарлаа. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь бусад хувийн секторын байгууллагуудад ашигтайгаас гадна гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлнэ. Харин 2019 он бол Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж