Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өчигдөр /2019.02.21/ болж, нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гаригт хуралдуулахаар товложээ.
Өмнө болсон НИТХ-аас С.Мөнхчулуун олонхийн дэмжлэг авч, хотын даргад нэрийг нь дэвшүүлсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлалгүй буцаасан. Иймээс холбогдох хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулан хотын даргын асуудлыг шийдэх үүрэг хүлээж буй. Энэ дагуу дээрх хурал товлогдов.
МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн даваа гаригт хуралдаж, С.Мөнхчулууныг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гарсан. МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн байтал С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлж, намынхаа шийдвэрийг зөрчсөн хэмээн үзэж, хариуцлага тооцсон гэсэн билээ. Мөн түүнийг намын гишүүнчлэлээс чөлөөлснөөр хотын даргад өрсөлдөх боломжгүй болж байгаа гэж мэдэгдсэн. Харин НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад өрсөлдөнө, хууль зөрчихгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
2016 онд болсон НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хотын даргаараа С.Батболдыг сонгосон. Хоёр жил гаруй хотыг удирдсан түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дорвитой бууруулж чадаагүй гэж үзэн, огцрох асуудлыг оруулж, Удирдах зөвлөл нь дэмжсэн.
Уг шийдвэрийг НИТХ хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө С.Батболд дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн хот удирдлагагүй байгаа.
Хотын даргын ажлыг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэж буй.
Энэ удаагийн хотын даргын сунгаанд МАН дахин НИТХ-ын дарга С.Амарсайханыг зүтгүүлэх үү, эсвэл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг сэлгэж зүтгүүлэх үү гэдэг нь Удирдах зөвлөлийн хурал зарлагдаж, хэлэлцэгдсэний эцэст тодорхой болох аж.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ