Таашаалтайгаар "хүчиндүүлэх" монголчууд

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Таашаалтайгаар "хүчиндүүлэх" монголчууд

Арван долоон оны долдугаар сараас хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг тасралтгүй уруудаж байна. Цөөхөн хэдэн фанат нь түүнд үнэнч үлдсэнийг эс тооцвол Ерөнхийлөгч болгоход нь саналаа өгсөн 600 мянган хүний олонх нь  харамсаж эхэлсний нэг нь Төрийн соёрхолт Д.Сосорбарам байснаа хүлээн зөвшөөрчээ. Үнэндээ Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн АН ч өнөөдөр ам руугаа алгадаж сууна.

Тэнгэрт хоёр нар манддаггүй шиг Монголд ч хоёр “хаан” төрөхгүй. Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зуузай холбон улс төрд  багагүй “амжилт” гаргасан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын  нөхөрлөл ёстой л “энэ хүрээд өндөрлөх” тийшээ. Учир нь,  энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатар алхаа аваад удаагүй байхдаа зарлсан агаад бөгөөд эцэг хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Монголын Путин, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ангела Меркель болохыг хүсч буйгаа өөрийн болоод өрөөлийн амаар илэрхийлцгээсэн юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч супер Ерөнхийлөгч болохыг Ерөнхий сайд супер Ерөнхий сайд төрүүлэхийг хүсцгээж буй.  Гэвч, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  аль нэгийнх нь  хэмжээлшгүй эрх мэдэлтэй болох  хүсэл хязгаарлагдана, харин хэнийх нь вэ? Хоёулаа тролуудтай, фанатуудтай, характер, харизмтай улстөрчид. Тэгэхээр начин, шонхор хоёрын хэн нь давахаас Монголын дараагийн улс төрийн өнгө тодорхойлогдоно гэж ойлгох хэрэгтэй. 

Ерөнхийлөгчийн тасралтгүй уруудаж буй рейтингтэй харьцуулбал У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн имижийг алга таших хүмүүс олон байгаа. Тэр тусмаа тэрбээр парламентын сонгодог засаглалыг дэмжинэ гэдгээ ч ил тодоор зарласан. Ийм тохиолдолд өөрөөс нь  давж гарсан У.Хүрэлсүхийн рейтингийг унагаах төлөвлөгөө Ерөнхийлөгчид байж таарна. Тэр нь юу гээч!

  Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаггүй юм аа гэхнээ 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын гол өрсөлдөгч нь У.Хүрэлсүх байх нь гарцаагүй. Учир нь, У.Хүрэлсүх 2021 онд Ерөнхийлөгчид нэр дэвших насанд хэдийнэ хүрчихсэн, дээр нь Ерөнхийлөгчийн уруудаж яваа, Ерөнхий сайдын тогтвортой хамгаалж буй рейтингийг хооронд нь харьцуулаад үзвэл шүү дээ.

Яг өнөөдрийн нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгууль явагдвал Х.Баттулга У.Хүрэлсүхэд баараггүй ялагдахаар “хасах оноо” өөртөө нэлээдийг цуглуулсан билээ. Нэг нь, иргэдийн  ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа ШХАБ-д  Монгол элсэх асуудал. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх сүүлийн үеийн сонирхол нь  өөрийнх нь өчнөөн жилийн хугацаанд бүрдүүлж,  бүтээж ирсэн “эх оронч” имижийг нь үгүй хийчихсэн.   Мэдээж, ШХАБ-д элсэх түүний хүслийг УИХ-д оруулбал түүхэнд урвагчаар үлдэнэ гэдгийг У.Хүрэлсүх гадарлахтайгаа биз.  Хэдийгээр өнгөрсөн жил Монголын гадаад бодлогын талаар хаалттай хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр  Ерөнхийлөгчийн ШХАБ-д элсэх байр суурийг дэмжсэн гэх шүүмжлэлд өртсөн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амнаас  албан ёсоор энэ үг нэг удаа ч унаагүй.  Энэ өнцгөөс  харвал өнөөдрийн хувьд дааганаас биш амнаасаа болж асуудалд орсон  нь Ерөнхийлөгч.  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсчихвэл “хаан” болох Ерөнхийлөгчийн адын хүслийг  Ерөнхий сайд дэмжиж болохгүйгээ мэдэхтэйгээ байх.  Хананд зургаа хадуулахаас илүү түүхэнд нэрээ үлдээх том амбицтай У.Хүрэлсүх  улсаа худалдсан Ерөнхий сайд болохыг юу гэж хүсээ гэж.

  Тиймдээ ч УИХ-ыг хоёр дахь удаа даргалах гэсэн, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг Ц.Нямдоржийг мурьж,  НАМЗХ-оос эхлээд өнөөдрийг хүртэл үнэнчээр нөхөрлөж яваа Г.Занданшатарыг спикер болгосон нь  Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой байж мэднэ. УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлдөх ардчилалын тухай  байнга ярьдаг хүн, яалаа гэж Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих билээ.

Хүссэн эрх мэдэлдээ хүрэхэд нь  өнөөдрийн хувьд хөндөлсөж мэдэх ихээхэн эрсдэл нь хийгээд эрх мэдэлтэн нь  Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд У.Хүрэлсүх гэж харагдаж байгаа нь лав.

 Үүний эсрэг авч байгаа акц нь   У.Хүрэлсүхийн намыг хоёр хуваах  МАХН-ын дарга  Н.Энхбаярыг их улс төрд “эргэн ирэлт” хийх зөвшөөрлийг  Ерөнхийлөгч олгож буй гэх “мессеж”.   Үндсэндээ, ирэх зургадугаар сард болох Хэнтийн нөхөн сонгуульд У.Хүрэлсүхийг өвдөг шороодуулах бөх нь Н.Энхбаяр, дасгалжуулагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга болно гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын өмнөөс У.Хүрэлсүхтэй гардан байлдах хүн нь гарцааагүй Н.Энхбаяр юм.

Хэдийгээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өнөөдөртөө холбоотон боловч маргааш заналт дайснууд болохыг хэн мэдлээ. Урьдын цагт Х.Баттулгын заналт дайсан явсан Н.Алтанхуяг өнөөдөр улс төрийн бодлогыг нь зөвлөж яваа гэх талаас нь харвал шүү дээ. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрт хоёуланд нь томоос том амбиц бий.   Мэдээж, У.Хүрэлсүхийн тоодгорууд дунд Ерөнхийлөгчийн хүслийг ил далд илэрхийлэх гишүүд Х.Нямбаатар, Д.Сумъяабазараас эхлээд нэрлэгдэж мэднэ. "Тахиа гурвантаа донгодох"-оос өмнө  У.Хүрэлсүхээс болон улсаасаа урваж мэдэх хүн УИХ-д нэг, хоёроор тогтохгүй бий.  Энэ мэт таашаалтайгаар "хүчиндүүлэх" монголчуудыг харсан заяа нь харин хаячихгүй л байгаасай даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж