“Допингийн төрлийн эм, тариаг хэзээ ч тамирчдад хийхгүй”

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

“Допингийн төрлийн эм, тариаг хэзээ ч тамирчдад хийхгүй”

П.Орхоны асуудлаар тамирчид болон дасгалжуулагч мэдүүлэг өгсөн ч “хорлосон” гэдэг нь нотлогдоогүй байна

“Допингийн төрлийн эм, тариаг хэзээ ч тамирчдад хийхгүй”

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон 2018 онд Индонез улсад болсон Азийн наадмын үеэр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, дөрвөн жилээр тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос түүний тэмцээнд оролцох эрхийг 2022 оны есдүгээр сар хүртэл хориглоод байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог 20 мянган ам.долларын мөнгөн торгуулиар торгохоор болсон.

Холбоотой мэдээ

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

П.Орхон 2018 оны есдүгээр сард хориотой бодис /станозолол/ хэрэглэсэн нь санаатай үйлдэл байсан гэж улмаар гомдол гаргасан нь энэ үйл явдал удаашрахад хүргэжээ. Тэрбээр Индонез явахын өмнө эмч тариа хийсэн гэж мэдэгдсэн нь анхаарал татаад байна.  Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, гавьяат эмч Ч.Насанбатаас тодрууллаа. Тэрбээр “Тамирчдад тусгай эм, тариа хийнэ. Гэхдээ хэзээ ч допингийн төрлийн эм тариаг тамирчдад хийхгүй. Ийм зүйл хэзээ ч болохгүй” гэсэн тайлбар өглөө.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчдын нэрсийг зарлахдаа тайлбар гаргадаггүй. Тэгвэл П.Орхоны шинжилгээний хариуны талаар гаргахдаа өнгөрсөн зургаан сарын хугацаанд болсон үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тиймээс энэ нь дотооддоо буюу Монголын чөлөөт бөхийн холбоонд багагүй асуудал үүссэнийг харуулна. П.Орхоны асуудлаар тамирчид болон дасгалжуулагч мэдүүлэг өгч түүний хэлээд байсан “хорлосон” гэдэг нь нотлогдоогүй байна.

Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт Биеийн тамир, спортын газраас допингийн сургалтыг удаа дараа явуулжээ. Тодруулбал, “Рио 2016” олимпийн наадам өнгөрсний дараа энэхүү сургалт эрчимтэй явагдсан байна. 2017 онд “Допинг ба өнөөгийн байдал”, “Допингийн эм зүйн ангиллын хориглосон жагсаалт” сэдвийн хүрээнд сургалтыг Ч.Насанбат эмч тамирчин болон дасгалжуулагч нарын дунд хийжээ. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлаг/WADA/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын шинэчлэн батлагдсан жагсаалтыг танилцуулдаг байна. Тиймээс тамирчдад хэзээ ч хориотой төрлийн эм, тариа хийхгүй гэдгийг хэллээ.

П.Орхон 2018 онд мэдээлэл хийнэ гэж байсан ч тухайн үед цуцлагдсан билээ. Энэхүү асуудлын талаар Монголын чөлөөт бөхийн холбоо албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Тиймээс хүлээлт үүсгээд байсан П.Орхон 2022 оны есдүгээр сар хүртэл тэмцээнд оролцох боломжгүй болж байна.

Энэ жил 26 настай П.Орхон “Алдар” спорт хороонд Ц.Хосбаяр багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, спортын замналаа эхлүүлсэн түүхтэй. 2016 оны нэгдүгээр сард ОХУ-д болсон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд түрүүлэхдээ Японы алдарт бөх Каори Ичогийн олон жил ялагдалгүй явсан ялалтыг зогсоосон юм.

Дэлхий дахинд шуугиантайгаар гарч ирсэн П.Орхон “Рио 2016” олимпийн наадамд 58 кг-д барилдаж, шагналт долдугаар байрыг эзэлсэн. Энэ наадамд алдарт Каори Ичо түрүүлж, олимпийн дөрөв дэх алтан медалиа авсан юм. Алдарт бөхийг ялж, дэлхийн дэвжээнд гарч ирсэн П.Орхон 2017 онд насанд хүрэгчдийн Дэлхийн болон Ази тивийн аварга болж, Монгол улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ. Түүний багш Ц.Хосбаяр "Токио 2020" олимпийн наадамд түрүүлнэ гэсэн ярилцлагыг өгч байсан нь багагүй шуугианыг дагуулсан.

“Жакарта 2018” Азийн наадмын үеэр чөлөөт бөхийн хоёр тамирчин хориотой бодис хэрэглэсэний нэг нь П.Орхон байсан бөгөөд тэрбээр дөрвөн жил тэмцээнд оролцохгүй гэсэн шийтгэл аваад байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоо Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд 20 мянган ам.долларын мөнгөн торгууль төлөхөөр боллоо.

Азийн зуны спортын наадамд Монголын тамирчдаас хориотой бодис хэрэглэсэн тохиолдол урьд нь гарч байгаагүй билээ. 2018 онд Индонезид төрийн дууллаа эгшиглүүлж, монгол түмнээ баярлуулж байсан П.Орхоны Азийн наадмын аваргын алтан медалийг албан ёсоор цуцаллаа. Энэ бүхэнд өнөөг хүртэл тайлбар хийгээгүй байсан Монголын чөлөөт бөхийн холбооноос удахгүй албан ёсны мэдээлэл хийхээр болжээ.

decision_case_o_purevdorj

2017 оны Дэлхийн болон Ази тивийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон
Азийн зуны спортын наадамд оролцох Монголын тамирчдын тангарагийг П.Орхон хийж байсан юм. 2018.08 сар Улаанбаатар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж