Т.Батцэцэг: Мисс ч гэсэн бусад шиг ажил хийж, амьдралаа залгуулдаг

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Т.Батцэцэг: Мисс ч гэсэн бусад шиг ажил хийж, амьдралаа залгуулдаг

Азийн топ модель, мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа.


-Сайн байна уу. Тантай ярилцах гээд өнгөрсөн аравдугаар сараас хойш  хэд хэдэн удаа утсаар холбогдлоо. Тэр болгонд их завгүй байх шиг байлаа? 

-Сайн байна уу. Шинэ жил, баяр ёслол, загварын шоу зэрэг олон олон арга хэмжээ, зураг авалтууд давхацсан нэлээд завгүй байлаа.

-Та Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын ахлах мэргэжилтнээр ажилладаг гэдэг нь үнэн үү. Хэзээнээс тус газар ажиллаж эхэлсэн бэ?

-Тийм ээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиргааны хэлтэст нь ахлах мэргэжилтнээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Манай байгууллага дотроо хэд хэдэн алба хэлтэстэй. Өөрөө өөрсдийнхөө хариуцсан чиглэл, үүргийнхээ дагуу ажилладаг. Миний хувьд захиргааны хэлтэст нь ажилладаг.

-Т.Батцэцэгийг мисс гэдгээр нь хүмүүс андахгүй. Ингэхэд ямар мэргэжилтэй вэ?

-Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Мөн Төрийн удирдлагын магистр хамгаалсан. Залуу хүний хүсэл сонирхлоороо энтертайнментын салбарт бараг 10 гаруй жил ажиллахдаа чамгүйхэн амжилт гаргаж, олон түмэнд хайрлагдах аз завшаан тохиосон гэж боддог. Харин одоо бол мэргэжлийнхээ дагуу ажиллаж  байна.

-Таныг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газарт ажилладаг гэх мэдээлэл анх гарахад олон нийтийн зүгээс маш гайхаж хүлээж авсан л даа. Магадгүй мисс гэдэг утгаар нь арын хаалга, танил талаараа орсон байх гэсэн хардлагууд хөвөрсөн?

-Сурсан, мэдсэн мэргэжлээрээ ажиллахад хэнд ч нээлттэй шүү дээ. Энэ ч үүднээс би мэргэжлийнхээ дагуу ажиллаж өөрийгөө сорьж, туршиж үзье гэж бодсон. Нийгмийн тодорхой нэг хэсэг нь мисс хүн ажил хийж болохгүй мэтээр хүлээж авсан нь утгагүй санагдсан. Мисс ч гэсэн бусад шиг ажил хийж амьдралаа залгуулдаг хүмүүсийн нэг.

-Шулуухан асуухад, тухайн албан тушаалд яаж очсон бэ. Магадгүй танил талын дэмжлэг байсан уу?

-Бусдын л адил ажилд ороход шаардагддаг зохих журмынх нь дагуу л энэ ажилдаа орсон. Хүний ажил мэргэжлийг шүүмжлэх нь маш утгагүй. Би  УИХ-ын гишүүн болчихсон биш, төрийн өмчит газар  жирийн  л нэг ажилтан хийдэг. Үүнд хардаж сэрдэж, шүүмжлээд байх нь утгагүй л гэж бодож байна.

-Хамт олных нь хувьд анх таныг хэрхэн хүлээж авсан бэ?

-Мисс Батцэцэг байна гэж харж байсан байх, хэсэг хугацаа өнгөрсний дараа анхны бодол, хандлага нь өөрчлөгдсөн.

-Таны ажлын ачаалал хэр вэ?

-Өөртөө зарцуулах цаг зав хомс гардаг даа. Анхандаа цагт баригдаж ажиллах хүнд санагдсан. Яагаад гэхээр энтертайнментын салбарт бараг 10 гаруй жил ажиллахад яг цагт баригдахгүй өдөр шөнө үл харгалзан ажилладаг байсных болов уу. Одоо бол сурсан.  Оройн цагаар хүртэл сууж ажиллах шаардлага ч гарна. Ер нь амар хялбар ажил гэж байдаггүй шүү дээ. Бүх л зүйл саад бэрхшээлтэй тулгардаг. Зүгээр л байж байгаад амжилтад хүн  хүрдэггүй. Ямар ч юм тодорхой хэмжээнд хэцүү байдаг шүү дээ. Сүүлийн үеийн залуус  хатуужил, тэсвэр тэвчээр багатай болсон мэт харагддаг. Манай үеийнхэнд бол багаас нь энэ зан чанарыг сургадаг байсан. Ер нь хувийн, төрийн байгууллагын аль ч байсан залуус маань бусдын үгийг сонсдог, чих зөөлөнтэй, шинэ зүйлийг хурдан хүлээж авдаг, ажил хийе гэсэн тэсвэр тэвчээртэй байх нь чухал гэж боддог.

-Ажлынхаа хажуугаар багшилдаг гэж сонссон?

-Тийм ээ. Би ажлын бус цагаараа  багшилдаг. 2012 оны үеэс “Шилмэл загвар” агентлагт алхааны багшаар багшилж эхэлсэн. Мөн сүүлд “Хувьсал” продакшинд багшилж байна. Мөн зураг авалт, загварын шоу, кино зураг авалт зэрэг ажлуудаа цаг завандаа тохируулан ажиллаж явна.

-Цаашдын төлөвлөгөөг нь сонирхвол?

-Өөрийнхөө эзэмшсэн энэ мэргэжлээрээ ажиллаж маш сайн мэргэжилтэн болохыг хичээж байна.

-Найз залуутай юу?

-Найз залуу бий.

-Хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ? 

-Ээжээсээ үлгэр дуурайлал авдаг. Угаасаа охин хүүхэд ээжээсээ байнга суралцдаг. Ээж шигээ болохыг хүсдэг шүү дээ. Би юмны наад цаад учрыг олж, багаасаа бие даасан. Ээж маань биднийг тэвчээр, хатуужилтай хүн болгож өсгөсөн. Ер нь авах гээхийн ухаанаар хандаж, бүх зүйлээс суралцахыг заасан.

 -Цахим ертөнцөд, фейсбүүк, твиттерт хэр идэвхтэй байдаг уу?

-Цахим ертөнцөөр аялаад бусадтай санаа бодлоо хуваалцахад цаг зав их хэрэгтэй. Гэтэл би гэдэг хүн зав муутай байх нь их. Тиймээс цахим ертөнцийн идэвхтэй гишүүн биш. Охид онлайнаар холбогдож зөвлөгөө хүсэх нь бий. Тэр болгонд нь чадах чинээгээрээ туслахыг хичээдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж