Өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 13 настай охин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Дээрх хэрэг хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй, өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар байна. Өчигдөр /2019.02.21/ охины амийг хөнөөсөн гэмт этгээдүүдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.
Анхан шатны шүүхээс М.Амарболд, Б.Жавхлан нарт бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тус хурал хоёрдугаар сарын 14-ний өдөр товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй учир хойшлуулсан юм. Яллагдагчид өмгөөлөгчөөрөө дамжуулан оноосон ял хүнд байна хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ аж.
Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч М.Амарболд, Б.Жавхлан нар онлайнаар оролцсон юм. М.Амарболд шүүх хуралд нэг өмгөөлөгчтэй оролцсон бол Б.Жавхлан гурван өмгөөлөгчтэй оролцжээ. М.Амарболдын хувьд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байр суурьтай орсон бол Б.Жавхлангийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн байна.
Хоёр талын өмгөөлөгчид гурван цагийн турш мэтгэлцсэний эцэст Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1.2-т зааснаар хүнийг санаатай алах буюу бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлэх гэмт хэргийг хялбарчлах зорилгоор архи уулгаж хүчирхийлснийхээ дараа гэмт хэргээ нуун далдах зорилгоор дахин их хэмжээний архи өгч хордуулан алсан болох нь баримтаар тогтоогдсон учраас М.Амарболд, Б.Жавхлан нарт оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Мөн тус хурлаар хохирогчийн гэр бүлийнхний сэтгэл санаа гэм хорын хохирлыг Иргэний шүүхээр шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэгдсэн “Очир” зочид буудал буюу “Алтан Очир энд Голд Стар” ХХК нийт мөнгөн дүнгийн 50 сая төгрөгийг төлөх юм байна.
Шүүх хурлын тогтоолыг гардаж авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч талаас давж заалдах эрхтэй юм. Б.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас шүүхэд дахин давж заалдах эсэхийг лавлатал “Хуулийн заалтуудыг зөв хэрэглэсэн эсэхийг харж байгаад давж заалдах эсэхээ шийднэ” гэлээ. Хэдийгээр М.Амарболд, Б.Жавхлан нарын зүгээс дахин давж заалдсан ч Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийг Улсын дээд шүүх өөрчлөх эсэх нь эргэлзээтэй.
Шүүх хурлын дараа хохирогчийн аав Т.Лхагвасүрэн хэлэхдээ “Миний охиныг зочид буудал руу өөрөө дагаж орсон мэтээр янз янзаар хохирогчдын өмгөөлөгчид ярьж байна. Би үүн дээр зохих хэмжээний хариулт хэлсэн. Давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээлээ. М.Амарболд, Б.Жавхлан нарыг бүх насаар нь хорилоо гээд миний охин амилахгүй. Тэднийг бүх насаараа хаалттай хорих ангид ял эдэлнэ гэж бодохоор сэтгэл арай дэвтэж явах юм даа” хэмээв.
ОХИНЫ АМИНД ХҮРСЭН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХЭН БЭ?
Шүүгдэгч Д.Жавхлан нь 2011 онд хоёр найзын хамт дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс хорих ялаар шийтгүүлж байжээ. Хэргийн талаар сануулахад Д.Жавхлан нар нь иргэн Ш.Энхбаярыг дээрэмдсэн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2.9 жилийн хорих ял сонссон байна.
Ингэхдээ Б.Жавхланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн дөрвөн сарын баривчлах ялыг нэмэгдүүлж, 3.3 жилийн хорих ял сонсгож байжээ. Өөрөөр хэлбэл түүнтэй хамт хэрэгт буруутгагдсан хоёр залууд зөвхөн дээрмийн хэргээр ял оноосон бол Д.Жавхланг дээрмийн хэрэг үйлдсэн, танхайрсан гэдэг хоёр зүйл ангиар ял оноосон байна.
Түүнийг М.Амарболдтой нийлж байнга архи дарс уудаг, зодоон хийдэг байсныг ойр тойрны хүмүүс нь цагдаа нарт мэдүүлжээ. Мөн Д.Жавхлангийн аав шоронд олон жил ял эдэлж, хорих ангид нас барсан гэх мэдээлэл ч байгаа юм. Д.Жавхлан Монтел төв дээр гар утас засдаг байсан бол М.Амарболдын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй. Мэргэжил, боловсролгүй аж. Өнгөрсөн жил гэртээ хүн хутгалж гэмтээж байжээ.
Э.БУРАМ