-Усан спортын ДАШТ-н билэг тэмдэг амьд усыг Олон улсын сансрын төвөөс авчирлаа–
Энэ жил Казаньд зохион байгуулагдах усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний билэг тэмдэг “Амьд ус”-ыг Олон улсын сансрын төвөөс авчирлаа гэж Риа Новости агентлаг уламжиллаа. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-нийг хүртэл Казань хотноо болох юм. “Бид усан спортын дэлхийн аварга болохтой холбогдуулан Казанка голын уснаас дээж авч, тусгай капсулд хийснээ сансар луу авч явсан. Энэ нь энэ удаагийн дэлхийн аваргын билэг тэмдэг байх юм” гэж Роскосмосын сансрын нисгэгч Александр Самокутяев мэдээлжээ. Александр Самокутяев тэргүүтэй Елена Серова, НАСА-гийн нисгэгч Барри Уилмор нарын бүрэлдэхүүнтэй сансрын багийнхан 2014 оны 9-р сарын 25-нд Байконураас хөөрч, дэлхийн тойрог замд 137 өдрийг өнгөрүүлснийхээ дараагаар 3-р сарын 12-нд эх дэлхийдээ эргэн ирсэн юм. Тэдгээр сансрын нисгэгчдийн гартаа барьсан Казанка голын усны дээж “амьд ус” нь дэлхийн аваргын тэмцээнд оролцох ОХУ-ын шигшээ багийнханд амжилт авчирна гэж дэлхийн аварыг зохион байгуулах хорооныхон үзэж байгаа юм.
Эх сурвалж: http://likenews.mn