Тамхины хуулийг амжилттай хэрэгжүүлсэн хот | News.MN

Тамхины хуулийг амжилттай хэрэгжүүлсэн хот

Тамхины хуулийг амжилттай хэрэгжүүлсэн хот

Тамхины хуулийг амжилттай хэрэгжүүлсэн хот

Дэлхий даяар тамхины улмаас жил бүр 7 сая хүн нас бардаг гэх судалгааг ДЭМБ гаргажээ. Олон улсад тамхины эсрэг хууль журам гаргаж, татвар нэмэх, зар сурталчилгааг хориглох зэргээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг хичээж буй. Эдгээрээс Йорданы нийслэл Амман хотын туршлага олон улсад сайшаагдаж байна.

Тамхи татах нь Арабын орнуудад шашин, соёлын уламжлалтай учир Йорданы засгийн газраас хэрэглээг хориглох нь хүч шаардсан ажил болжээ. Тухайлбал, Йорданд хосууд хуримынхаа үеэр зочдоо тамхиар дайлахгүй бол бүдүүлэгт тооцогддог аж. Йордан нь тамхидалтаараа дэлхийд хоёрт ордог ба нийт иргэдийн  э60 гаруй хувь, насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 70 хувь нь тамхи татдаг байна. Өмнө нь Йорданы засгийн газраас хайрцаг тамхины үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн боловч хэрэглээг хязгаарлахад нэмэр болоогүй аж. Сонирхуулахад, нийт хүн амд ноогдох тамхичдын тоогоороо Индонези улс нэгдүгээрт бичигддэг байна.

Йорданы парламент 2008 онд төрийн байгууллага, худалдааны төвүүд, дэлгүүр, нисэх буудал, эмнэлэг, сургуулийн орчимд тамхи татахыг хориглосон хууль баталжээ. Тухайн үед иргэд тамхины эсрэг хуулийг дагаж мөрдөх нь битгий хил дооглосон янзтай хүлээн авчээ. Жишээлбэл, засгийн газрын сайд нар парламентын хурлын үеэр тамхи татаж буй нь үндэсний телевизээр цацагдаж байв. Тэгтэл Йорданы нийслэл Амман хотын дарга Йосеф Шаварбех “улс орон даяараа тамхины эсрэг хуулийг мөрдөж чадахгүй байсан ч хотын хэмжээнд сахин биелүүлнэ” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Йорданы хүн амны тал хувь нь бизнес эрхлэх, хамаатан садныдаа зочлох зэргээр Амманд ирдэг. Хэрэв бид нийслэл хотдоо соёлыг өөрчилж чадвал хүмүүс түүнийг бусад газруудад тараана” хэмээсэн байна. Улмаар Амман хотыг Эрүүл хотуудын түншлэл гэх 54 гишүүнтэй олон улсын байгууллагад элсүүлжээ.

Түншлэлийн хүрээнд олон улсаас ирсэн эрүүл мэндийн ажилчид Амманд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах кампанит ажлуудаа эхлүүлжээ. Түүнчлэн тамхины эсрэг хуулийн хэрэгжилтийг хянах зорилгоор тусгай хянагчдыг ажиллуулж, хотын музей, ресторан, дэлгүүр зэрэг олон нийтийн газруудад эргүүл хийж эхэлсэн байна. Хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн тулд төр засгийн нэр нөлөөтэй хүмүүс, урлаг соёлын алдартнуудыг тамхины эсрэг кампанит ажилд татан оролцуулжээ. Амман хотын тамхины эсрэг тэмцлийн гол зэвсэг нь иргэдэд хорт зуршлаас шалтгаалсан өвчлөлийн тухай мэдээлэл, мэдлэг олгох аж.

АНУ, Европ, Азийн олонх орнуудаас ялгаатай нь Йорданд шиша /shisha гэх усан тамхийг өргөнөөр хэрэглэдэг аж. Энэ нь Османы эзэнт гүрний үед Турк, Египетэд дэлгэрч Арабын орнууд, дэлхий даяар тархсан усан тамхи юм. Үлээдэг бохь, усан үзэм, “Red Bull”-ны амттай усан тамхи нь Йорданы өсвөр насныхан, хүүхдүүдийн дунд түгээмэл хэрэглээ болжээ. Тус улсын эрүүл мэндийн яамны судалгаагаар 13-15 насны хүүхдүүд тогтмол шиша татдаг аж. Үүний эсрэг Амман хотын захиргаанаас ресторан, кафе зэрэгт шинээр шиша тамхиар үйлчлэх зөвшөөрөл олгохыг зогсоож, жил бүр зөвшөөрлийг нь сунгах арга хэмжээг авч эхэлжээ. Цаашлаад Эрүүл мэндийн яамны тусламжтайгаар парламентын гишүүдийг лоббидож 2017 онд ресторан, зочид буудал, кафед тамхи татахыг хориглосон хуулийг батлуулсан ба тамхины цэгт 18-аас доош насны хүн орохыг хязгаарлуулж чадсан аж. Энэ хууль нь өндөр торгуультай. Тухайлбал, зөвшөөрсөн цэгээс бусад олон нийтийн газар тамхи татвал 140-280 ам.долларын торгууль төлөх аж.

Мөн тамхины хуулийг зөрчсөн албан байгууллагыг 1400-4200 ам.доллараар торгох, эзнийг нь гурван сар шоронд хорих ялаар шийтгэхээр болжээ. Хууль баталснаас хойш хоёр жилийн дараа Амман хотод нөхцөл байдал мэдэгдэхүйц өөрчлөгджээ. Хотын автобусаар зорчиход эхүүн тамхины утаа үнэртэхээ больж, нийтийн эзэмшлийн гудамж талбай тамхины ишнээс ангижирч чаджээ.

Өдгөө тус хотод тамхи, шиша татах зөвшөөрөлтэй 200-300 ресторан, кафе жуулчид болон иргэдэд үйлчилж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тамхины хуулийг зөрчсөнөөс торгуулийн мөнгө багагүй цуглажээ. Тухайлбал, 2018 оны эхний гурван сард Амман хотын захиргаа ресторан, кафед тамхины хуулийг зөрчсөнөөс 68000 ам.долларын торгуулийн мөнгө цуглуулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-22 103.229.177.59

хууль хэрэгждэг газар сайхан юмөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж