“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг нийслэлийн 9 дүүргийн 9 хороонд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн-Зөн Монгол” ОУБ, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Олон Улсын Найрамдал төвд зохион байгууллаа.
Сургалтад төсөл хэрэгжиж буй 9 дүүргийн 9 хорооны 90 гаруй хэсгийн ахлагч нар хамрагдан, сургагч багшийн гэрчилгээгээ гардан авсан юм.
Сургагч багшаар бэлтгэгдсэн гамшгийн менежментийн багийн гишүүдээр дамжуулан иргэдэд гамшгийн тухай ойлголт өгч, гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн мэдлэг чадварыг эзэмшүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.