Тахиа, өндөг хоёрын хэн нь анхдагч вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Тахиа, өндөг хоёрын хэн нь анхдагч вэ?

Дэгдээхэй яллаа!
Үе үеийн хүмүүсийн толгойг эргүүлж, гайхшруулж байсан амьдралын тухай хамгийн алдартай тааврын нэг. Энэ бол тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэг асуулт. Өндөг бий болохын тулд эхлээд түүнийг өндөглөж, дараа нь дарах тахиа байх хэрэгтэй. Гэвч тахиа өөрөө өндөгнөөс гарсан байх ёстой. Өдийг хүртэл энэ асуултын хариулт тодорхойгүй, аль аль нь зөв хариулт ч юм шиг байсаар ирсэн.

“Sheffield University” их сургуулийн доктор Колин Фриймэн “Warwick University” их сургуулийн эрдэмтэдтэй хамтран үүний нууцыг тайлахаар оролдсон байна. Тэд эхлээд амьтад яаж өндөгний хальсыг хийдгийг сонирхжээ. Учир нь өндөгний гаднах хальс хөнгөхөн мөртлөө маш бат бөх бөгөөд хүмүүс үүнийг одоо болтол хиймлээр хийж чадаагүй байна. Судлаачид өндөглөдөг амьтдыг судлах замаар хиймэл өндөг хийх арга замыг тодруулах гэж оролдсон гэнэ.

Протейныг судлах нь амархан байсан тул эрдэмтэд өндөглөдөг амьтдаас тахиаг сонгон судалжээ. Судалгаандаа тэд Их Британийн Шинжлэх Ухааны Судалгааны Зөвлөлийн Эдинбург хотод байдаг “HECToR” хэмээх супер компьютерийг ашиглажээ. Тэд өндөг бүтээхэд шаардлагатай “найрлагыг” “HECToR” компьютерт оруулан програмчлаад орхисон байна. Үүний дараа компьютер шаардлагатай тооцооллыг хэдэн долоо хоног бодож тооцоолжээ. Тооцооллын дүн гарахад эрдэмтэд хүн төрөлхтөнтэй бараг нас чацуу эртний асуултад хариулт олсноо мэдсэн байна. Олон жил хүмүүс мэтгэлцсэн ч анх удаагаа эрдэмтэд шинжлэх ухааны аргаар өндөгнөөс өмнө тахиа үүссэн байна гэдгийг тодруулжээ.

Тэд “ovocledidin-17 (OC-17)” гэдэг нэртэй протейн олсон бөгөөд энэ нь гагцхүү тахианы өндгөвчинд байдаг бөгөөд тахианы өндөгний гаднах хатуу хальс бүрэлдэхэд чухал нөлөөтэй. Энэ протейн нь өндөгний гаднах хальсны жижиг хэсгүүдийг бүрдүүлдэг бөгөөд кальцийн карбонатыг кальцжсан талст болгож хувиргадаг. Энэ протейн байхгүй бол өндөгний хальс бий болж чадахгүй. Харин энэ протейн гагцхүү тахианд л байдаг. Тэгэхээр хэн нь анхдагч болох нь тодорхой болж байна. Энэ протейныг судлаачид үүнийг судалгаанаас өмнө илрүүлээд байсан ч “HECToR” компьютер процессыг нь микроскопын нарийвчлалтайгаар харуулжээ. Хүмүүсийн толгойг удаан хугацаанд эргүүлсэн асуултанд хариулт болохынхоо хажуугаар уг судалгаа нь эрүүл мэндийн салбарт зарим шинэ мэдээлэл өгч магадгүй гэнэ. Учир нь хүний яс, шүд хоёулаа өндөгний хальс бүтдэгтэй адилхан замаар бүтдэг байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж