Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн /ХИС/ Гадаад харилцааны албанаас жил бүр уламжлал болгон Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд, эрдэмтэн багш нарыг урьж оюутнуудтай уулзуулдаг. Энэ удаагийн зочноор ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Азизов Кубарович оролцож “ОХУ-Монгол улсын харилцаа” сэдэвт лекц уншсан байна.
ХИС-ийн Орос, орос-англи хэлний багш, орчуулагч, Олон Улсын Харилцааны ангийн оюутнууд элчин сайдтай нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлжээ. Элчин сайд Азизов Кубарович “Манай хоёр орны харилцаа улам бүр сайжирч улс төрийн яриа хэлэлцээ өргөжин, соёл урлагийн уламжлалт харилцаа бэхжин, худалдаа эдийн засгийн болон хамтарсан хөрөнгө оруулалт ч хөгжих хандлагатай байна. Монголын үндэстний мэргэжилтнүүд бэлтгэхэд хамтран ажиллаж ОХУ их, дээд сургуульд суралцах эрхийг олон зуун оюутанд олгодог. Мөн Оросын бүс нутагт зарим нэг их, дээд сургуульд суралцахад нь тодорхой хэмжээний тэтгэлэг олгож байна. 2015онд л гэхэд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгээр 550 монгол оюутныг суралцуулахаар болсон. Удахгүй болох ОХУ-ын ялалтын баярт Монгол улсаас 70 цэрэг хүндэтгэлийн парадад жагсахаар болсныг дуулгахад таатай байна” гэсэн байна.
Лекцын төгсгөлд оюутнууд боловсрол, цахилгаан эрчим хүч, төмөр зам, хурдны автозам зэрэг хоёр орны хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөвийн туха сонирхсон асуултдаа хариулт авлаа.
С.СҮРЭН