Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр дэд хэсгийн хоёр тоглолт болжээ. Тоглолтын мэдээллийг хүргэе.
БАГАНУУР ДҮҮРЭГ “ҮНДЭСНИЙ ЛИГ”ИЙН ДЭД ХЭСГИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Үндэсний лигийн дэд хэсгийн улирлын сүүлийн тоглолтоо хийж буй Багануур баг энэ удаад Өмнөговь аймгийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний үе тэнцүүхэн өндөрлөсөн. Гэхдээ хоёрдугаар үеэс эхлэн “Багануур” баг илүүрхэж явсаар 92-76 харьцаатай хожлоо. Багануур баг тоглолтын турш бөмбөгний шилжилтийг сайн хийсэн бөгөөд мөн будагтай талбайд 64-28-аар илүүрхсэн нь хожсон гол шалтгаан байсан юм. Тус тоглолтын шилдгээр 19 оноо, 13 самбар, 4 бөмбөг таслалт, гурван хаалт хийсэн Н.Ганбаатар нэрлэгдлээ. “Багануур” баг MNBA 21 аймгийн “Үндэсний лиг”ийн дэд хэсгийн хүснэгтийг тэргүүлсэн амжилттай улирлаа дуусгасан бол Өмнөговь хоёрдугаар байрт бичигдэж байна.
ЗАВХАН АЙМАГ ПЛЕЙ-ОФФД ОРОХ БОЛОМЖОО ХАДГАЛЖ ҮЛДЛЭЭ
MNBA 21 аймгийн “Үндэсний лиг”ийн дэд хэсгийн Завхан болон Баян-Өлгий аймгуудын тоглолт боллоо. Тоглолтын эхний үе ойролцоо байж ердөө нэг онооны зөрүүтэй өндөрлөсөн. Гэхдээ Завхан аймаг хоёрдугаар үеэс илүүрхсэнээр 98-74 харьцаатай хожлоо. Завхан аймаг оновчтой дамжуулалтыг эсрэг багаасаа 11-ээр илүү хийж мөн бөмбөг алдалтаас авсан оноогоороо илүү байсан юм. Тус тоглолтод Завхан аймгийн тоглогч С.Буяннэмэх 24 оноогоор багаа тэргүүллээ.
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Даваа, Лхагва, Бямба гаригуудад Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна.
Холбоотой мэдээ