“Казиногоос жилдээ 74-135 тэрбумын ашиг олно”

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

“Казиногоос жилдээ 74-135 тэрбумын ашиг олно”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол  ажиллаж байгаа.  Хуулийн төслийг хэлэлцэх үеэр түүнээс  Казиногийн  тухай хуулийн хүрээнд  зарим асуултад хариулт авлаа.

-Монгол Улс Казиногийн тухай хууль баталж,  казино байгуулснаар эдийн засагт  ямар нөлөө  үзүүлнэ гэж тооцоолж байгаа вэ?                

-Засгийн газраас эдийн засгийг солонгоруулах, эдийн засагт орж ирэх  мөнгөний  урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Зөвхөн мал аж ахуй, уул уурхайн салбарын ашгаар эдийн  засгаа тэтгэж байна. Тиймээс аялал жуулчлалын салбараас  хөгжүүлье, эдийн засагт орж ирэх урсгалыг ДНБ-ний  14 хувьд хүргэх юмсан гэдэг зорилт  тавьсан. Өнөөдөр  жуулчдыг татах, тэдэнд үзүүлж харуулах зүйл маш бага байна. Тиймээс жуулчид Монгол Улсад ирээд нүүдлийн соёл  иргэншилтэй танилцахаас гадна казиногоор ороод гардаг,  мөнгөө  зарцуулдаг байж болох сонголтыг бий болгож өгч байгаа юм. . Ингэснээр жилд дунджаар 74-134 тэрбум төгрөг төсөвт  орно гэж тооцож байгаа. Ийм хэмжээний орлого олохын тулд олон улсын стандартад нийцсэн томоохон хоёр казино байгуулъя гэж байгаа. Энэ  бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Олон казиног өнөөдөр  одтой гэж нэрлэж байгаа  38 зочид буудалд байгуулах эрхийг нь өгвөл эмх замбараагүй байдал газар авч, хяналтаас гарах эрсдэлтэй. Нөгөө талаас гадны томоохон хөрөнгө оруулагчид орж  ирэх сонирхол буурна.Олон улсын жишгээр бол казиног  төрийн хяналтад байлгаж, өндөр шаардлага тавьдаг юм байна. Ингэснээр төсөвт үзүүлэх нөлөөлөл нь өндөр байдаг. Казино байгуулах зөвшөөрөл авахын тулд 35 тэрбум төгрөг төлнө гэж оруулсан.  Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд олон талаас нь ярьж, шүүмжилж байна. Энэ бол зөв. Хөрөнгө оруулагч нь орж ирээгүй байхад 35 тэрбум төгрөг гэдэг тоог тавьсан нь төсөвт мөнгө олохыг эхний зорилгоо болгож байгаатай холбоотой. Ийм хэмжээний мөнгийг төлөөд  зөвшөөрлөө авсныхаа дараа олон улсын стандартад нийцсэн казион  байгуулахад  700-1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт  шаардлагатай.  Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж 85 хувьд нь үйлчилгээ явуулдаг, 15 хувь нь тоглоом тоглуулдаг олон улсын жишиг, нэг хотхон  бий болох юм.  Энэ хуульд тухайн казинод ажиллах боловсон хүчин 100 хувь Монгол Улсын иргэн байхаар тусгаж өгөх ёстой. Мэдээж эдгээр ажилчдыг бэлтгэх, сургах, давтан сургах гээд бэлтгэл ажил бий.

-Казино байгуулах асуудлын цаана  хэн  байна вэ,  хэний захиалга вэ гэдэг хардлага байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ бол цэвэр хардлага. Казино  байгуулахад шаардагдах  ийм их хэмжээний хөрөнгө мөнгийг олон улсын хэмжээний тендер зарлаж  олно уу гэхээс дотоодын аж ахуй нэгжүүд дангаараа энэ зөвшөөрлийг авах бололцоо байхгүй. Олон улсын томоохон сүлжээтэй, казиногийн үйл ажиллагаа явуулах туршлагатай хүмүүс сонгон  шалгаруулалтад оролцох байх. Хуульгүй байж хэн нэгнийг сонгон шалгаруулах юм  бэ. Хөрөнгө оруулах хүмүүс Монгол Улс хуультай юмуу,  төр нь яаж зохицуулдаг, хэдий хэмжээний татвар төлөх юм,  аюулгүй байдал яаж хамгаалагдах вэ зэрэг олон зүйлийг тооцож байж энэ ажил явах юм билээ. Би  Ж.Батзандан гишүүний гаргасан “Казиногийн орлогоос 50 хувийг нь нийгмийн чиглэлд зарцуулдаг байхыг хуульчлах” санаачлагыг дэмжиж байна. Ингэж хуульчлах нь хэрэгтэй ч  байж магадгүй.

-Хуулийн төсөл дээр   Монгол Улсын иргэн тоглохыг хориглосон. Нөгөө талаас зах зээлийг яаж  тооцоолж байгаа вэ?

-Олон улсад байгуулагдсан казино Хятадын тоглогчдыг  орж ирээсэй гэсэн хүлээлтээр хуулиа  баталж, тэр тоглогчдыг  оруулж ирэхийг зорьдог. Манай улсын хувьд газарзүйн байршлын давуу талаа ашиглан хөгжүүлэх боломжтой. Монгол Улсын иргэн тоглохыг шууд хориглосон.  Гадаадын иргэний тухайд 21 нас  хүрсэн байх гэсэн хориг тавьсан.  Олон улсын жишгээрээ л ийм байдаг. Яагаад Монголд монгол иргэнийг тоглуулахгүй гэж үзсэн юм гэхээр бидэнд байгаа муу сургамжин дээрээ үндэслээд, Монгол Улсын иргэнийг ямар ч байсан энэ удаадаа тоглохыг хориглосон заалт оруулсан. Цаашдаа Монгол Улс хөгжих байх. Монгол Улсын иргэд өнөөдөр гадагшаа явж тоглох  нь их байна. Энэ гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалаа дотооддоо үлдээх боломж яваандаа бий болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бид ямар ч байсан гадны тоглогчдыг илүү татах боломж бололцоог бүрдүүлсэн нөхцөлд казино амжилттай ажиллах боломж, бололцоо илүү бүрдэнэ гэж харж байгаа. Ер нь бол казино байгуулсан, казиногийн хууль боловсруулсан хүмүүсийн материалтай танилцахад, казино гэдэг зүйл үндсэндээ ердийн үйл явдал болсон гэж тодорхойлдог болсон байна. Бид дэлгүүрт ороод, тортой юм худалдаж аваад гардаг шиг үйл явдлыг казино гэж энгийн ухамсраар ойлгодог. Жишээ нь Макаод бүх иргэд нь казино тоглох боломжтой, тийм хуультай. Гэхдээ хэзээ ч тэр иргэд казинодоо бараг тоглодоггүй гэж байна. Тэр улсын иргэд бүгдээрээ тэр казинод орж суугаад, мөнгөө алдаад суух нөхцөл, бололцоо байдаггүй гэж байгаа. Тэгэхээр улсаараа тэнд орж тоглоод, дампуураад сууж байдаг улс орон гэж байхгүй. Тэгэхээр иргэдийн боловсролын төвшинд, эдийн засагт хэрхэн, яаж хандах вэ гэдэг хандлагаас шалтгаална. Энэ асуудлыг бид зөвхөн казино гэдэг зүйлтэй хольж, хутгаж ойлгож болохгүй. Жишээлбэл, хамгийн гайгүй гэж үзэж байгаа казиногийн жишээгээр Сингапурын казинод иргэд нь орж тоглоход нэг удаа орохдоо л 100 долларын такс төлдөг. Эсвэл жилийн хураамж төлөөд, гишүүнчлэлийн үнэмлэх авдаг. Тэр нь ойролцоогоор 5000-10000 ам.доллар төлөөд, гишүүнчлэлийн эрх авсан хүмүүстэй нээлттэй гээд хуульчилсан байх жишээний. Тэгэхээр бид энэ бүгдийг харгалзан үзэж байгаа. Монголд үнэхээр орлого олох боломж нь байгаад, жуулчдынхаа тоог нэмэгдүүлээд эхэлбэл, аялал, жуулчлалын салбараас орж ирэх орлого маш олон салбар, үйлчилгээг тэтгэж байдаг. Тийм учраас энэ маш чухал, хэрэгтэй.

-Байршлын хувьд  дэд бүтэц хөгжсөн газар гэж байгаа.  Хаана байгуулах нь оновчтой вэ?

 -Байршлын хувьд дэд бүтэц хөгжсөн газарт казино байгуулах зөвшөөрлийг олгоно. Үүнийг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлээд, олон улсын тендер зарлахдаа боловсруулж, зарлах байх. Ямар байршил дээр хөрөнгө оруулагч орж ирэх вэ гэдэг нь тэр сонгон шалгаруулалтын журмаар тусгайлан шийдвэрлэгдэнэ. 

-Аюулгүй байдал, сөрөг үр дагавраас сэргийлэх асуудлыг хуульд яаж  тусгасан бэ?

-Энэ дээр хэлэлцүүлгийн явцад эргэж харах шаардлагатай зүйл бий. Манай Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ярьж байсан. Ер нь бол харуул хамгаалалтын тогтолцоог бие даасан байлгах ёстой. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь эрхэлдэг биш. Казиногийн үйл ажиллагаа зохион байгуулж буй хороотойгоо хамтарч, хамгаалалтын үйл ажиллагааг явуулдаг байх нь аюулгүй байдал талаасаа илүү шаардлагатай гэж байгаа. Хэлэлцүүлгийн явцад иймэрхүү асуудлыг нэмж, оруулах шаардлагатай.  

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж