“Хогийн цэг” биш, “хог новш”

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

“Хогийн цэг” биш, “хог новш”

Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн Х.Тэмүүжин нарын хооронд болсон хэрүүл цахим ертөнцөд дуулиан тарьж байна. Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр өглөө уг хэрүүлийг багахан давсалж, “Х.Тэмүүжин гишүүн хараал хэлж, УИХ дэд дарга Л.Цог руу салаавч гаргав” хэмээн мэдээлсэнээс болсон биз. Хоёр гишүүний хооронд болсон энэ хэрүүл зарим нэг телевизийн оройн мэдээнд ч бас хачир, нэмэр болсон бололтой. Х.Тэмүүжин гишүүн өөрийн твиттертээ өнөө өглөө “Одоо бүр салавч гаргасан болчихсон уу? Худал мэдээлэлдээ залруулна уу ETV” хэмээн жиргэсэн байна.

Болсон явдал гэвэл өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт дүгнэлтийг хэлэлцэх үеэр Х.Тэмүүжин гишүүн өөрийн саналыг хэлсэн юм. Д.Лүндээжанцан, Л.Цог нар болон бусад гишүүдийн л нэг адил. Энэ үед Л.Цог гишүүн “Хууль хэрэгжүүлэх, хэрэглэх гэж юугаа яриад байгаа юм. Чи тэр хэдэн хүүхдэдээ л очиж лекц уншдаг юм байгаа биз, хамаг юм самарч хаячихаад. Чи бол шоронд сууж байх ёстой хулгайч шүү. Тэмүүжингийн үгээр Монгол улс явж болохгүй. Дандаа нэг онолын хогийн юм ярьж байна” хэмээн загнасан билээ. Л.Цог гишүүний энэ үгэнд бухимдсан Х.Тэмүүжин гишүүн “Та нар энэ үгжирсэн, хуучинсаг үзлээрээ хэр удаан энэ улс орныг  сүйтгэх гэсэн юм. Л.Цог та 1996-2000 онд ч ийм л байсан. Хууль зүйн сайд болоод юу хийсэн юм. Өөрөөсөө дээдхийг бөгсийг долоож, өөрөөсөө доодхын бөгсийг ухаж л суугаа биз дээ. Одоо ч тийм л байна. Та бол зүгээр л хог. “Женко”-гийн найруулсан жүжгийг үргэлжлүүлэх гэвэл үгүй шүү. Ёстой хогийн новш” хэмээн үг сөргөж харагдсан.

“Хогийн цэг” болоод хог новшийн хооронд нэг их ялгаа байхгүй л дээ. Гэхдээ үг үнэнээрээ байх нь дээр. Микрофоны гадуур хэлсэн Х.Тэмүүжин гишүүний энэ үгийг дутуу хагас сонссон зарим нь “салаавч гаргасан” болгон дэгсдүүлсэн бололтой.  Хоёр гишүүний дунд “хэрүүлийн алим” тарьсан Х.Тэмүүжин гишүүний саналыг доорх линкээс үзнэ үү.

А.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж