У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ

У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ

Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга  болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв.  Тэрээр төрийн албаны шинэчлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлт, байгалийн баягийг иргэддээ хүртээмжтэй хүртээх, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд сурталгүй үйлчлэх зэрэг сэдвийг хэлэлцэх энэ зөвлөгөөн улс орны хөгжлийг 20-25 жилээр харж, дотооддоо биш дэлхийд өрсөлдөх үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрээр улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар оролцогчдод товч мэдээлэл өгөв. 2018 онд эдийн засаг 69 хувиар өсч, сүүлийн найман жилд төсвийн тэнцэл анх удаа ашигтай гарсныг тэмдэглэв. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 5.7 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах боломжтой болсон зэргийг дурдав.

Цаашид Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тодорхой үүрэг өглөө.

Тухайлбал;

  • Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээнийхээ  хэрэгжилт удаашралтай байгааг нь эрчимжүүлэх
  • Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь хэрэгжүүлэх
  • Нэр бүхий есөн аймагт дулааны станц, 10 аймгийн цэвэрлэх байгууламжаас гадна 117 сургууль, 34 цэцэрлэг, анхан шатны 62 эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шуурхай зохион байгуулж, чанар, гүйцэтгэлд анхаарах
  • Төсвийн сахилга бат, хариуцлагаа чангатгаж, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ач холбогдолгүй зүйлд зарцуулахыг зогсоох
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, танил талдаа өгөхийг таслан зогсоох, иргэдийн оролцоог хангах, ил тод, шударга байх зарчмыг алдагдуулахгүй байх
  • Төрийн бодлого, ажлын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж, нийгмийн баталгааг нь хангах, сургаж чадавхжуулах, шатлан дэвшүүлэх зарчим баримтлах
  • Байгууллага, орон нутагтаа хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, хариуцлагатай байж бусдыгаа манлайлах
  • Хууль бус төлбөр хураамж авч хяналтгүй зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж танил тал, хамаарал бүхий этгээдээ шалгаруулдаг, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулж ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх зүйл бий болгосон, улстөрждөг, иргэдэд хүнд сурталтай ханддаг зэрэг дутагдлыг зогсоох
  • Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллах. Иргэдэд учирч байгаа бэрхшээлтэй асуудал, хэрэгцээ, шаардлагыг нь мэдэрч, төрийн бодлого, шийдвэрт тусгах, түүнд нийцүүлэх, ил тод, нээлттэй засаглалыг төлөвшүүлэх
  • Малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлж, мал төллөлтөд хариуцлагатай хандах. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шинэ технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний гарц, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Байгаль орчны нөхөн сэргээлт, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах. Шаардлагатай бол дээд шатны байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авч байх
  • Төрийн албан хаагчдын хариуцлага, санаачилгагүй байдлаас болж гарах гэнэтийн аюул, ослыг эрс бууруулах, хүний амь нас, тэр дундаа хүүхдүүдийн амь нас үрэгдэх явдлыг таслан зогсоох чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч байх
  • Хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах
  • Орон нутгийн өрсөлдөх чадвараа сайжруулах
  • Түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах. “Соёлын биет бус өв”, “Чулуун соёлын өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх
  • Бодлого, шийдвэр, хууль тогтоомж, тэдгээрт заагдсан иргэдийн эрх, үүрэг, оролцоог шинэлэг арга хэлбэрээр сурталчилж байх, иргэдээ соён гэгээрүүлэх зэргээр ажиллахыг үүрэг болголоо.

Дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Засаг дарга нар ажилгүйдэл, ядуурлыг хэр зэрэг бууруулсан гэдгээр нь ажлыг нь дүгнэнэ гэдгийг анхааруулав. Ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжихийг чиглэл болголоо.

Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг зохион байгуулах, санхүүгийн ил тод байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хаврын бэлтгэл ажлаа хангах, байгаль орчны бодлого зэргийн талаар хэлэлцэнэ. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцан Засгийн газраас гаргах шийдвэрийн төсөлд тусгах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж