Үндэстнээрээ хоцрогдсон англи хэл

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Үндэстнээрээ хоцрогдсон англи хэл

Үндэстнээрээ хоцрогдсон англи хэл

Технологийн хөгжлийн үр шимээр Монгол хүүхэд бүр дэлхийн хаанаас ч хэрэгцээтэй мэдээллийг богино хугацаанд олж авч, дэлхийд тэргүүлэгч “Кембриж”,  “Харвард”, “Стэнфорд” зэрэг их сургуульд элсэн суралцах боломж нээлттэй ч англи хэлний мэдлэггүйгээс орхигдох боллоо. Хэчнээн авьяастан энэ шалтгаанаар олон, олон боломжуудыг алдаж байгааг хэлэх арга алга.

Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогоор тусгай хөтөлбөрөөр /Кембрижийн хөтөлбөр/ хичээллэдэг хуруу дарам цөөн хэдэн сургуулиудыг эс тооцвол төрийн өмчит ерөнхий боловсролын бүх л сургууль зургадугаар ангиас нь англи хэл зааж байна. Хамгийн хоржоонтой нь, англи хэлийг анхлан зааж байж эхлээд үсэг заадаггүй, үг цээжлүүлдэг. Үсгээ мэдэхгүй хүүхдэд хэчнээн үг цээжлүүлээд нэмэргүй, хэд хоноод л мартдаг. Сурах бичгээс нь уншуулъя гэхэд үсгээ заалгаагүй учраас уншиж чадахгүй. Үсэг заая гэхэд сурах бичигт нь үсэг байхгүй. Ийм сурах бичиг, сургалтын хөтөлбөрөөр англи хэл заалгаж байгаа хүүхдээ эцэг, эх юу ч сурсангүй гэж загнаад зандраад яалтай. Зүрх зоригийг нь мохоохоос цаашгүй.

Үнэндээ бол хувийн дунд сургуулийн анхан шатны англи хэлний сурах бичиг, төрийн өмчит сургуулийн анхан шатны англи хэлний сурах бичгийг хооронд нь харьцуулбал газар тэнгэр шиг зөрүүтэй. Уйлах ч багадна. Хэргээр төрийн өмчит сургуулийн сурагчдад англи хэлийг эзэмшүүлэхгүй байх бодлого төрөөс хэрэгжүүлдэг юм биш биз гэх хардлага төрмөөр.

Монгол Улс англи хэлийг бүх нийтийн эзэмшвэл зохих бүрэн дунд боловсролын хөтөлбөрт оруулснаас хойш 20 гаруй жил өнгөрч буй ч одоо хэр нь анхан шатныханд зориулсан олигтой сурах бичигтэй ч болж чадаагүй нь үнэндээ бол эмгэнэл юм. Багш нарын хувьд ч хэр чадвартай хүмүүс энэ хичээлийг зааж байна вэ гэдгийг анхаарах цаг нь бас болжээ.

Мөн 2018 онд Швейцарьт төвтэй, “ИФ Инглиш Фөөрст” компани унаган англи хэлгүй улс орнуудын ард иргэдийн англи хэлний түвшинг тогтоосон судалгааг 80 орныг оролцуулан хийхэд Монгол Улс 71-д бичигдсэн байдаг. Уг судалгааг долоо дахь жилдээ гаргасан нь энэ байсан бөгөөд өмнө нь буюу 2016 онд энэ үзүүлэлтээр Монгол Улс 72 орноос 66-д, 2015 онд 70 орноос 64-т тус, тус жагсаж байжээ  Насанд хүрсэн 1 сая иргэнийг оролцуулсан энэхүү сорилоор Монгол үндэстнээрээ англи хэлээр хоцрогджээ гэж хэлэх нь хатуу сонсогдож болох ч өнөөдрийн сургалтын хөтөлбөрөө шинэ шатанд гаргахгүйгээр амжилт олохгүйг нийслэлийн захын дунд сургуулийн англи хэл үзэж байгаа ангид ороод харчихаж болно.

Тиймээс Боловсролын сайдаас хүсэх зүйл байна. Боловсролын тухай хуульдаа өөрчлөлт оруулж,  бага ангиас нь буюу хоёр, гуравдугаар ангиас нь цагаан толгой үсгийг яаж заадаг билээ, тэр жишгээр англи хэлийг гурван өдөр тус бүр 45 минут үздэг байхаар өөрчлөлт оруулбал, өнөөдрийн хоцрогдлыг нөхөх боломжтой болох болов уу.

Сайд солигдох бүрийд боловсролын салбарт баримталдаг бодлого өөрчлөгддөгөөс холион бантан болж байгаа тухай дээр дооргүй ярьдаг ч Монгол хөгжье гэвэл хүнийхээ гадаад хэлний мэдлэгт тэгш анхаарах цаг болчхоод байна. Хэлтэй болох нь хувийн дунд сургуульдаа суралцах ёстой гэдэг хандлагаар хандвал  үндэстнээрээ хэлний хоцрогдлоо яаж нөхөх вэ гэдэг асуудалтай ч тулж мэдэх юм.

Дэлхийн орнуудаас өнөөдөр Их британи, АНУ, Австрали, Шинэ Зеланд Ирланд, Карибын орнуудад англи хэл албан ёсных нь хэл болж, 330 гаруй сая хүн энэ хэлээр ярьдаг бол мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж