Авлигатай тэмцэх газрыг бусдын тэр дундаа улс төрийн захиалгаар үе үехэн мэдээлэл хийж, шалгаж, сэжиглэж буй хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч нэр хүндэд нь халддаг, нөлөөлдөг гэж олон нийт багагүй шүүмжилсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг “унах” өдрийн өмнөх өдөр түүнтэй холбоотой хийсэн мэдэгдэл нь энэхүү ышүүмжлэл, эргэлзээг батлаад өгсөн гэхэд болно. Тиймээс төрийн түшээд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний дээрх шүүмжлэлийг тус газрын удирдлагууд хүлээн авч энэ удаагаас эхлэн алдаагаа зассан бололтой. Учир нь хэвлэлийн ажилтан нь улирлын тайланг өгч, шалгаж байгаа хэргүүдийн талаар үг цухуйлгадаггүй болжээ. Тус газарт одоогоор шалгагдаж байгаа хэргүүдийн талаар сонирхуулъя.
Я.Батсуурь Хорихын эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан бөгөөд Я.Батсуурийг ар гэрийнхэн болоод өмгөөлөгчийн зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан байна. Түүнийг батлан даалтад гаргасан эсэхийг эх сурвалжаас тодруулахад "Я.Батсуурийн цагдан хорио үргэлжилж байгаа. Хорих ангийн эмч нар түүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж оношилсон тул саяхнаас Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн" гэж хариуг өглөө. АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Я.Батсуурийг баривчилсан шалтгааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотой байж мэдэх юм гэсэн таамаг бий. Мөн УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр “Говь повер” компанид ямар үндэслэлээр 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бэ гэдэг асуудал хөндөгдөж байсан юм.
Н.Энхбаярыг дүү, туслахтай нь хамт шалгаж байна
Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх хэлтсээс МАХН-ын дарга Н.Энхбаярт өнгөрсөн оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэргийг мөрдөн шалгах явцад энэхүү хэрэг нь албан тушаал, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байх магадлалтай байсан тул хэргийг АТГ-т шилжүүлсэн байна. Тодруулбал, МАХН-ын байр болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Имтериал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр залилан мэхлэх аргаар авсан гэх хэрэгт сэжигтнээр татаад байгаа гэнэ.
“Н.Энхбаяр манайд ирж тайлбар мэдүүлэг өгөх ёстой байсан. Гэтэл зарлан дуудах бичгийн дагуу ирээгүй. Мөн Н.Энхбаяртай холбоотой хэрэгт түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нараас тайлбар мэдүүлэг аваагүй байна” гэж АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлсэн юм.
Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Энхжаргалыг шалгаж байна
Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Энхжаргалыг тус газар энэ оны эхнээс шалгаж эхэлсэн. Түүнийг “Тендер шалгаруулалтын журам зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Мөн “Чингэлтэй дүүргийн “Спорт цогцолбор” –ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй. Учир нь тендерт шалгарсан “Нийслэл өргөө” компани нь сүүлийн хоёр жил алдагдалтай ажилласан, тендерийн зохих шалгууруудыг хангаагүй байхад Д.Энхжаргал дарга гэрээ хийж ажиллах мэдэгдэл ССАЖЯ-нд хүргүүлсэн” гэх үндэслэлээр шалгаж байгааг эх сурвалж мэдээлж байгаа юм.
С.Түмэндэмбэрэлийн хэргийг мөрдөн байцааж дуусчээ
Албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нарын хэргийг шалгах мөрдөн байцаалт дуусан байна. Хэргийг харъяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэн өгчээ. Мөрдөн байцаалтын явцад тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу 1.735 тэрбум төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт сэжигтнээр татсан байдаг.
Мөн дээрх хэргүүдээс гадна өнгөрсөн удаагийн хэвлэлийн үеэр тус газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатын мэдээлж байсан Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн банк, “Гудамж төсөл” зэрэг Самурай, Чингис бондын зарцуулалттай холбоотой гэгдэх хэргүүд сэмхэн хэрэгсэхгүй болсон бололтой. Одоогоор цагаан захтнуудын гэгдэх томоохон ямар хэргүүд тус газарт хянагдаж байгаа болон дээрх хэргүүд ямар шалтгаанаар хэрэгсэхгүй болсон талаар “хүмүүжсэн” АТГ-ынхан огтхон ч дугарахгүй бололтой.
Авлигатай тэмцэх газраас мэдээлж байгаагаар өнгөрсөн нэгдүгээр улиралд мөрдөн шалгасан эрүүгийн 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, найман хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, арван хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Д.ЖАРГАЛ