Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.10/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор казиногийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байнахэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417.0 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болсон байна.

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 2 саяд хүргэх зэрэг зорилт тавьжээ. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж танилцуулав. 

Дээрх эрэлт хэрэгцээ, шаардлагыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн казиногийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох зорилгоор Казиногийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн, мөн 1998-1999 онд УИХ-аас баталж, хүчингүй болгосон Казиногийн хууль, 2003-2004 онд мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг түр хугацаанд зөвшөөрч явуулсан туршлага, алдаа дутагдалд дүгнэлт хийж, зарим улс орнуудын казиногийн эрх зүйн орчин, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр үндэсний онцлогт тохируулан боловсрууллаа гэж Д.Оюунхорол сайд хэллээ. Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй байхаар тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагаа хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу явагдах, казиногийн үйл ажиллагаанд төрөөс хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх төдийгүй энэ төрлийн үйл ажиллагаанаас олох татварын орлого нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжиж, үүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа.

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ё.Отгонбаяр нар Монгол Улсын иргэнийг тодорхой мөнгөн дүнгийн хязгаарлалтын хүрээнд казинод тоглох боломжийг бүрдүүлэх, бооцоот тоглоом, казино хоёрын ялгааг тодорхой болгох, УИХ-ын гишүүн Л.Болд Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болгохгүйгээр Зөвшөөрлийн тухай хуулиар казиногийн асуудлыг зохицуулах боломжтой гэсэн саналаа илэрхийлж байсан хэмээн Р.Гончигдорж гишүүн танилцуулсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар Засгийн газар Хувийн хамгаалалтын тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, Казиногийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх, хуулийн төсөлд казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цагдаа, хүчний байгууллагатай хэрхэн хамтарч ажиллахыг нэмж тусгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах ажиллагаанд анхаарах, аюулгүй байдлыг хангах шаардлагыг хуульд тусгайлан зааж өгөх, төрийн болон төрийн бус байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагыг оновчтой зохицуулах, зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Ц.Оюунбаатар нар казино байгуулах зөвшөөрлийн хураамж хэтэрхий өндөр байж болзошгүй тул холбогдох тооцоо, судалгааг сайн хийх хэрэгтэй зэрэг саналыг тус тус гаргажээ.

Танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Эрхэм гишүүд казино байгуулснаар Монгол Улсад орж ирэх орлого, казино байгуулснаар бий болох эерэг, сөрөг үр дагаврууд, бусад орны сайн, саар жишээнүүд, казиногоос орж ирэх орлогын зарим хэсгийг нийгмийн эмзэг бүлэгт зориулах, сургууль, цэцэрлэг байгуулах зохицуулалтыг төсөлд тусгаж болох эсэх талаар тодруулж байлаа. Түүнчлэн казино байгуулагчийг сонгон шалгаруулах, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах талаар ч гишүүд салбарын сайд, ажлын хэсгийнхнээс тодруулж хариулт авсан юм. Д.Оюунхорол сайд, казино байгуулснаар улсын төсөвт 75-135 тэрбум төгрөг орж ирэхээс гадна, олон хүнийг ажлын байртай болгох ач холбогдолтой хэмээгээд төрийн хүчтэй хяналтын дор үйл ажиллагаа явуулах бөгөөд дээд зэргийн харуул хамгаалалт дор үйл ажиллагаа явуулах учиртай гэлээ. Жуулчдын тоо нэмэгдэн 2 саяд хүрэх зэрэг сайн талууд байгааг тэрбээр онцолсон. Монгол Улсын иргэдэд казинод орж тоглох боломж үгүй болохоор тоглоомонд дондох, эд хөрөнгөө алдах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө учрахгүй гэдгийг тэрбээр мөн нэмж хэлсэн. Хуулийн төслийг боловсруулахдаа гадны орнуудын казиногийн тухай хуулийг нарийвчлан судалсан гэдгийг сайд тодруулж хэлж байлаа. Гишүүдийн асуултын дараа Б.Болор гишүүн санал хэлсэн. Тэрбээр, казино эдийн засгийн хөгжилд ихээхэн үр нөлөө үзүүлнэ хэмээгээд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч хөшүүрэг болно гэж гэж хэлсэн. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэхээр тогтсоноор үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж