Онцгой байдлын ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ихэнх нутгаар хуурайшилттай, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар нар оролцсон юм.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээллээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байна.
Мөн 2019 оны 2 сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна. Харин бусад нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цасгүй. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгавар гаргаж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болголоо.
Үүнд:БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад:
- Ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөртэй аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод холбогдох хууль, тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулж, хамтран ажиллах, орон нутаг дахь ойн анги, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах,
- Ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй хуурайшилтын аюултай, нэн аюултай зэрэгт хүрсэн үед Цаг уурын байгууллагын цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд шаардлагатай техник тоног төхөөрөмж, бүх төрлийн сумны нөөцийг бүрдүүлэх,
- Ойн тухай хуулийн дагуу хавар, хамрын хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах баялгыг ашиглах, ногоон бүсэд аялж зугаалахыг тодорхой хугацаагаар хязгаарлах, хууль, дүрэм, журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх, ойн анги, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллаг, иргэдийг сургаж дадлагажуулах ажлыг хамтран хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:
- Эрсдэл өндөртэй бүс нутагт хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулах, хил орчмын болон орон нутагт гарсан ой, хээрийн гал түймрийн үед нутаг дэвсгэрийн харъяалал харгалзахгүйгээр хүч хэрэгслийг татан оролцуулж шуурхай унтраах ажлыг зохион байгуулах,
- Нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн ой, хээрийн гал түймэр унтраахад дайчлах гамшгаас хамгаалах алба, мэрэгжлийн анги, сайн дурын хэсгийг байгуулах, тэдгээрийг ой, хээрийн гал түймрийн үед үүрэг гүйцэтгэх чадвартай болгох дадлага, сургалт явуулах,гал түймэр унтраах багаж, техник хэрэгслээр хангах,
- Аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрнөөөс ой, хээрийн тйүмрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хөрөнгө төсөвлөх, төв, орон унтгийн Онцгой байдлын газартай нягт хамтран ажиллах, түймрийн эрсдэл бүхий үед ойн сангаас мод бэлтгэх, ойн дагладах нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах, ногоон бүсэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон захирамж гаргах, хяналт тавьж ажиллах, бүх шатны Засаг дарга нарт бүс нутгийн онцлогт тохирсон гамшгийн зарлан мэдээллийн системийг байгуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болголоо.
БХС, Улсын онцгой комиссын орлогч дарга Н.Энхболдод:
- Тусгай чиг үүргийн нислэг үйлдэх нисэх онгоц, нисдэг тэрэгний техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцэн очих боломжгүй алслагдсан ой, хээрийн бүсэд гарсан гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд нисэх онгоц, нисдэг тэрэг ашиглан гал түймрийн голомтод бие бүрэлдэхүүнийг шуурхай хүргэх,
- Шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчний алба хаагчдыг татан оролцуулах, бие бүрэлдэхүүнийг шаардагдах техник, багаж хэрэгслээр хангах,
ХХЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэнд:
- ОБЕГ-тай хамтран хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, чиглэлээр сургалт зохион байгуулж, бие бүрэлдэхүүнийг шаардагдах техник багаж хэрэгслээр хангах,
- Хил орчим гарсан ой, хээрийн түймрийн мэдээллийг Онцгой байдлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шуурхай мэдээлж, хамтран ажиллаж, гарсан гал түймрийг цаг алдалгүй унтраах ажлыг зохион байгуулах,
ЦЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын гишүүн, цагдаагийн хурандаа С.Баатаржавт:
- Ой, хээрийн гал түймрийн хэргийн эзэн холбогдогч, шалтгаан нөхцлийг шалган тогтоож, орон нутгийн ногоон бүсэд зорчих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих,
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд:
- Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, сургалт сурталчилгаа явуулах,
- Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нийт бие бүрэлдэхүүний гал түймэр унтраах автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах,
- Гал түймрийн голомтод олон хоног, удаан хугацаагаар ажилласан алба хаагчдын өдөр тутмын болон хөдөлмөр хамгааллын хувцасны эдэлгээний хугацааг харгалзахгүй нөхөн хангалт хийх зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.
Мөн ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна. Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ