Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.10/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан байдаг. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаар нь уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй” гэж заасан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг тусгасан чухал заалт юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Төрөөс уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих талаар бодлогын нэг хэлбэр нь хуулийн дээрх заалт болохыг тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эрчим хүч болон төмөр замын салбарыг нэмж тусгах шаардлага үүссэн болохыг УИХ-ын даргад танилцууллаа.

Мөн тэрээр, эрчим хүч, төмөр замын салбарт өнөөгийн байдлаар төрийн томоохон хэд хэдэн бодлого, хөтөлбөрүүдийг баталж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад, эдгээр бодлогын хэрэгжилтийг хангах, эрчим хүч болон төмөр замын салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нэмэлт оруулах, 19.8 дахь хэсгийг шинээр нэмэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай тухай хуулийн төслийг боловсруулсан болохоо танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж