Сэлэнгэ аймгийн Мандал суманд харамсалтайгаар амь насаа алдсан долоон настай талийгаач хүүгийн ар гэрээс мэдээлэл хийлээ. Талийгаач хүүгийн эх М.Оюунцэцэг болон хамаатан Д.Эрдэнэ нар хүүхдийнх нь аминд хүрсэн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосонд гомдолтой байгаагаа илэрхийлж, хууль хүчний байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүслээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр Мандал сумын иргэн 22 настай М.Мөнхтулга нь хашааныхаа үүдэнд тоглож байсан долоон настай хүүг 4882 УНР улсын дугаартай Хонда пит загварын авто машинаар мөргөөд зогсохгүй, хааз, тоормосыг буруу гишгэснээс болж 50 метр газар чирэн амь насанд нь хүрчээ. Талийгаач хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд тав хоног ухаан оролгүй байсаар зургадугаар сарын 12-нд нас барсан аж.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал, ташаа цавины тархмал зулгаралт гэх мэт гэмтэл нь доргих үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ гэсэн дүгнэлт гарчээ. Энэ хэргийг аймгийн сум дундын шүүхээс хөнгөн хэрэг гэж үзээд талийгаач Н.Түвшинбаатар хүүгийн аминд хүрсэн этгээдэд нэг жил тэнсэн харгалзах ял оноож, авто машин жолоодох эрхийг нь гурван жилээр хассан байна. Гэтэл энэ хугацаанд сумын төвд автомашинаа жолоодсоор байгааг хүүгийн ээж М.Оюунцэцэг хэлэв. Тэрбээр “Миний хүүгийн амь насанд хүрсэн хэргийг анх мөрдөн байцаагч н.Мөнхсүх гэгч хүн шалгасан. Хэргийг шалгах явц хэт удааширснаас болж хоёр жил гаруй хугацаанд хэргийг шийдүүлэх гэж шүүх шатны бүх байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөдөл гаргах хүртэл явлаа. Энэ хугацаанд гэмт этгээд М.Мөнхтулгын ах Мөнхсүх гэгч бидэнд гомдол барагдуулж 35 сая төгрөг өгсөн гэх хуурамч мэдээлэл тараагаад зогсохгүй утсаар хоёр хүүхдийг чинь хөнөөнө гэх мэтийн зүйлс ярьж айлган сүрдүүлж, дарамталсан. Орон нутгийн шүүх шатны байгууллага ялзарч, мөнгөтэй хүний талд үйлчилдэг гэдгийг Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхийн байгууллагаас тод харлаа. Бидэнд мөнгө төгрөг хэрэггүй, гагцхүү гэм буруутай этгээдэд ял оногдуулахыг л хүсч байна” гэлээ.
Долоон настай талийгаач хүүгийн амь насанд хүрсэн этгээд нь осол гаргах үедээ сүрьеэ өвчний оноштойгоор 70 хувийн группт, авто машин жолоодох эрхгүй байсан аж. Мөн согтуу байсныг үгүйсгэхгүй гэж ах н.Мөнхсүх нь талийгаач хүүгийн ар гэрийнхэнд хэлсэн аж. Хэргийн газар дахь нотлох баримтыг устгасан байна.