УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд олон улсын жишигт ойртуулсан хоёр казино байгуулахаар тусгажээ. Хаана байгуулах вэ гэдэг байршлыг Засгийн газар тогтооно. Казино байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь 35 тэрбум төгрөгийн татвар төлнө. Хугацаа нь 10 жил байна. Мөн уг казинод зөвхөн 21 нас хүрсэн гадаадын иргэн орж тоглоно, Монгол Улсын иргэн тоглохгүй гэх заалтыг тусгаж өгчээ. Казино байгуулснаар татвараар дамжиж жилд 74-138 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэж тооцож байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэд хэдэн санал дэвшүүлэв.Тэрээр “Зөвшөөрлийн хураамж болох 70 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 70 цэцэрлэг, 70 сургууль барих боломжтой. Казиногийн орлогын 50 хувийг зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарт зориулна гэж хуулиндаа тодорхой заалт тусгах ёстой” гэж байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Казинод улсаа тавиад туучих вий, ийм болгоомжлолтой байна. Өмнө нь бид хэдэн банкаа тавьж туулаа, шүүх прокурор шударга байсан бол би 100 хувь дэмжмээр байгаа юм. Хэчнээн улсын мөнгө, хэчнээн банкны ажилтнууд казиногийн хэрэгт орооцолдлоо. Хуулийн хариуцлага хүлээлгэлээ гэсэн, хэдхэн жил болоод л банкнаас луйвардсан мөнгөөрөө тансаглаад явж байгаа. Шүүх засаглал шударга болсон хойно ийм зүйл ярих ёстой. 1996-1998 оны хооронд казиногийн асуудал яригдаж байсан, өмнө нь сөрөг зүйл яриад яах вэ гэсэн байр суурьтай гишүүн байна. эхлээд энэ асуудлыг ярих ёстой. Монгол хүнийг тоглуулахгүй гэдэг нь зөв зүйтэй байх, Хууль зүйн байнгын хорооны хурлаар хуулийн төслийг хэлэлцэх үед монгол хүнийг оруулъя гэж, болохгүй” гэж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Эдийн засгийн бүтэц, төрлийг харахаар уул уурхай, хөдөө аж ахунй салбар л голлодог. Түүнтэй холбоотойгоор төсвийн орлого байнга хэлбэлздэг. Дээр үеийн аюултай юм гэдэг ойлголт дэлхий дахинд байхгүй болсон. Олон улсын сүлжээтэй тийм компанийг оруулж чадах юм бол эдийн засагт чухал нөлөөтэй. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өөрсдийн соёл урлагт тулгуурласан контентоос гадна орчин үеийн казиног оруулах ёстой. Монголд өнөөдөр казино байхгүй ч гадаад явж тоглож байна. Хуулийг дэмжих ёстой” гэлээ.
Мөн энэ үеэр гишүүд мөрийтэй тоглоомын хэрэг илрүүлэлт ямар байдаг талаар хуулийн байгууллагынхнаас хариулт хүсэв. Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийн тайлбараар бол 2014 онд 2014 онд мурийтай тоглоомын есөн хэрэг бүртгэгдсэн байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага өөрийн арга хэрэгслээр илрүүлсэн, 16 иргэн холбогджээ. Энэ нь казиногийн гэмт хэрэгтэй холбоогүй юм байна. Сүүлийн үед онлайнаар тоглох үзэгдэл нэлээд гарах болсон аж. Гэхдээ цагдаагийн байгууллага энэ тохиолдлын хэргийг илрүүлэх боломжгүй, бөөнөөрөө суугаад мөнгөө бооцоонд тавиад сууж байгаа тохиолдолд илрүүлэх боломжтой юм байна. Харин онлайн мөрийтэй тоглоомын тухайд энэ хуульд зохицуулсан заалт тусаагүй аж.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн байр суурь үндсэндээ хоёр хуваагдлаа. Нэг хэсэг нь казино байгуулах цаг нь болоогүй, мөнгө угаах гэмт хэргээс эхлээд биеэ үнэлэлт зэрэг сөрөг үр дагаврыг дагуулна гэж үзэж байхад зарим хэсэг нь “Казино байгуулж, эдийн засгийн өсөлтөө хангах нь зөв. Бүх юмыг болохгүй бүтэхгүй талаас нь хардагаа болих хэрэгтэй. Гол нь хамгаалалтын талын асуудлыг өндөр төвшинд харах ёстой” гэж сөрөг байр суурь барилаа. Энэ асуудлаар гишүүдээр санал хураалгах ёстой байсан ч ирц тааруу, хураалгасан нөхцөлд төсөл унах магадлал өндөр байсан тул үдээс хойшхи хуралдаанаар асуудлыг эцэслэхээр болов. Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна.
Г.ДАРЬ