П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ

П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ

Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хориотой бодис илэрсэн билээ. Удаан хэлэлцсэний эцэст шийдвэрийг Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр /2019.02.20/  албан ёсоор гаргаж, түүний барилдах эрхийг дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасахаар болсон  байна. Тиймээс бид П.Орхоны ойрын эх сурвалжуудын байр суурийг болон Дэлхийн бөхийн холбооны шийдвэрийг орчуулан хүргэж байна.

Холбоотой мэдээ

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

Хамгийн хачирхалтай нь байнга тэмцээн уралдаанд орж шинжилгээ хийлгээд явж байсан тамирчнаас гэнэт яагаад допингийн хамгийн хүчтэй төрөл илрэх болов гэх асуудал хариулт нэхэж байна. Одоогоор спортын холбоод албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, П.Орхон өөрөө ч ам нээгээгүй байгаа  юм.

Энэ талаар П.Орхоны багш гавьяат тамирчин Ц.Хосбаяр дасгалжуулагчаас лавлатал “Би чөлөөт бөхийн холбооны гишүүн, багш учраас Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаярын зөвшөөрлөөр л яриа өгч болно. Надад ярих олон зүйл бий. Өнөөдрийг хүртэл надад албан ёсоор мэдэгдэл ирээгүй учраас би юу ч ярьж чадахгүй байна. Ямартай ч 2018 оны наймдугаар сарын 1-ны өдөр зүв зүгээр тамирчнаа шигшээ багт хариуцуулж өгсөн” гэснээс өөр  зүйл ярьсангүй.

Дараа нь  Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяраас асуухад “Нэгдсэн байдлаар удахгүй мэдээлэл өгнө“ гэв. Түүнээс Ц. Хосбаяр дасгалжуулагчаас яриа авах зөвшөөрлийг асуусан боловч хариу хэлэлгүй утсаа тасдаж орхив. Үүнээс  харахад хэн хэн нь түрүүлж ам нээхийг хүсэхгүй байгаа бололтой.

Бид хамгийн сүүлд П.Орхоны төрсөн эгч болох П.Сувд-Эрдэнэтэй холбогдоход “Би дүүтэйгээ холбогдох ч завгүй ажилтай явна. Түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан талаарх мэдээллийг өнөөдөр мэдээллийн сайтаас олж үзлээ. Мэдээж П.Орхонд амаргүй байгаа” гэсэн хариуг өглөө.

Чөлөөтийн тамирчид дунд тус холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяраас удаа дараа дайралт ирсэн талаар яригддаг юм билээ. Мөн үндсэн дасгалжуулагчид П.Орхонтой хамт Индонез руу явах байсан ч чөлөөт бөхийн холбооноос тэднийг цагдаагийн байгууллагад өгсөн гэх мэдээлэл ч бий. Ямартай ч Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сандал ширээгээ булаацалдсанаас болж тамирчид нь хүртэл минийх, чинийх гэж хоёр хуваагдаж талцсаны золиос нь П.Орхон боллоо хэмээн хардах  хүмүүс цөөнгүй байна.

ДЭЛХИЙН БӨХИЙН ХОЛБООНЫ ДҮГНЭЛТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны албан ёсны шийдвэр англи хэл дээр хэвлэн, Монголын холбогдох газруудад хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл Дэлхийн бөхийн холбооны дүгнэлтийг орчуулан хүргье.

Тус холбооны дүрмийн дагуу П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хассан бол 12.3-т зааснаар Монголын чөлөөт бөхийн холбоо 20 мянган Швейцарь франк буюу 20 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

2018 оны наймдугаар сарын 20-нд Индонезийн нийслэл Жакарта хотод болсон Азийн наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 килограмын төрөлд түрүүлсэн Монгол Улсын тамирчин Пүрэвдоржийн Орхоныг хориотой бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн тул тус тэмцээний дараа зохион байгуулагчид П.Орхоны шээснээс дээж авч Олон улсын Допингийн эсрэг агентлагийн Катарын Доха дахь итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн байна. Лаборатори ОУ-ын Допингийн эсрэг агентлагийн  стандартын дагуу дээжийг шинжлэхэд 2018 оны хориглосон бодисын жагсаалтад багтсан “Станозолол” хэмээх бодис илэрсэн. Энэхүү бодис нь тэмцээний үеэр болон тэмцээнээс бусад үед ч тамирчид хэрэглэхийг хориглодог тодорхой ангилалд багтаагүй бодис аж.

Тиймээс Азийн олимпийн зөвлөлийн ёс зүйн хорооноос тамирчны “Жакарта 2018” Азийн наадамд үзүүлсэн амжилтыг нь түдгэлзүүлж, авсан медаль шагналыг хураах шийдвэр гаргажээ. 2018 оны есдүгээр сарын 17-нд П.Орхонд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинжилгээний дүн болон бусад баримт сэлтийн хамт гардуулсан. Мөн шийдвэрээ гардуулж, гурав хоногийн хугацаанд гомдол гаргах эрх өгсөн ч өөрөө ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд П.Орхоны барилдах эрхийг хасах эрх 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэдгийг тус шийдвэр тусгажээ. Мөн энэ үеэр П.Орхон прокурорын байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан байна. Прокурорын шалгалтын явцад хамт явсан тамирчид, дасгалжуулагчдаас мэдүүлэг авахад өөрийг нь гадны нөлөөтэй "хорлосон" гэх асуудал тогтоогдоогүй байна.

Мөн П.Орхоны хувьд энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд хэрэв гадны нөлөөтэй гэж үзсэн бол түүнийгээ нотлох бүрэн боломжтой байсан аж. Хэрэв санамсаргүй байдлаар хэрэглэснээ нотолж чадах юм бол барилдах эрхийг нь хоёр жилээр хасах боломжтой байсан ч өөрөө нотолж чадаагүй юм байна. Тиймээс санаатайгаар доппинг хэрэглэсэн гэж үзэж дөрвөн жилээр эрхийг нь хассан талаар ч дурджээ.

П.Орхоны мэдүүлснээр 2018 оны долдугаар сард нэг удаа судсаар тариа хийлгэсэн гэсэн. Тухайн үед өөрөө ямар тариа хийлгэж байгаагаа мэдээгүй учир эмчээсээ ямар бодис болохыг нь асуутал “Уургийн тариа, бүх тамирчид хийлгэж байгаа, тийм болохоор санаа зоволтгүй” гэж хэлсэн байна. П.Орхон барилдах эрх нь түдгэлзэж магадгүй болох үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо руу Хятадад үйлдвэрлэсэн гэх тус тарианы зургийг явуулсан. Тухайн бодисын найрлагыг орчуулж үзэхэд шошны тос, болон лецитин агуулсан бөгөөд ямар нэгэн хориотой бодис агуулаагүй байсан. Яаж хориотой бодис тэр тарианд орсныг тамирчин өөрөө тайлбарлаж чадахгүй, баримт олж чадахгүй байгаа гэдгийг дүгнэлтдээ тодотгожээ.

decision_case_o_purevdorj

Э.АМГАЛАНБУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж