МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй танилц

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй танилц

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй танилц

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит 20-р их хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр болно. Уг хуралдаанаар ирэх дөрвөн жил танхимыг удирдах Ерөнхийлөгчөө томилно.  Тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ одоогоор дөрвөн хүн албан ёсоор мэдэгдээд буй. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр  дэвшихээ мэдэгдсэн.

UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшингийн хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдөх гэж байгаа юм. Энэ тухайгаа тэрбээр хэлэхдээ "Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс арав гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй" нь түүнийг  дахин нэр дэвшихэд хүргэжээ. Тэрбээр хэрэв танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг маш том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавьсан байна.

Б.Лхагважавын хувьд “Урбанек”-ийн үүсгэн байгуулагч, Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн, тэрбээр 2014 оны МҮХАҮТ-ын их хурлаар олонхын санал авч, дөрвөн жил удирдаж байгаа юм. Энэ удаа мөрийн хөтөлбөртөө тодорхой гурван зүйлийг дэвшүүлж, түүнийхээ төлөө л тууштай ажиллахаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.

Харин "Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн тухайд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүчтэй болгох үүднээс уг албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдэж сонгогдвол цалингүй ажиллана гэдгээ ч  хэлсэн юм.Тэрээр мэдэгдэлдээ “Сүүлийн үед Монгол Улсын бизнес эрхлэх орчин дордож, амжилтад хүрсэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг популист улстөрчдийн оролцоотой унагаадаг болсон байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийж, бизнес эрхлэгчид бид өдөр ирэх тусам төрийн тамга барьсан урагшгүй түшмэдийн шахалт, дарамт, хээл хахуулийн сүлжээнд бэхлүүлэн, ажил хэргээ шулуун явуулахад хүндрэлтэй байна. Нийгэм, эдийн засгийн ийм тааламжгүй үед бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах тал дээр хойрго хандан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн туршлагатай, чадварлаг багийн хамт оролцоно” гэдгээ мэдэгдсэн.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан одоогоор мөрийн хөтөлбөрөө нууцалж байгаа бөгөөд хүчтэй өрсөлдөгчийн нэг байх нь ойлгомжтой. Тэрбээр өөрийнхөө нэрийн өмнөх “овог” нь болсон “Буян” компанийнхаа үндэс суурийг 1987 онд тавьж өдгөө ноос ноолуурын зах зээлд томоохон байр сууриа эзэлсэн. Анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон тус компанийг хөл дээрээ босгосон тэр бизнесийн гүйлгээ ухаан сайтайгаар гэж ярих хүмүүс бий. Хэзээний л хэдэр ёдор үгтэй тэрбээр сүүлийн үед сошиал орчинд хүчтэй байр сууриа илэрхийлэх болсон. Магадгүй дахин улс төрд орох сонирхол бий гэдгийг ойрын хүрээнийхэн нь хэлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж