NBA-ийн оны шилдэг залуу тоглогч хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

NBA-ийн оны шилдэг залуу тоглогч хэн болох вэ?

NBA-ийн оны шилдэг залуу тоглогч хэн болох вэ?

Хойд Америкийн NBA-ийн 2018-2019 оны улирал талдаа орлоо. Одоогоор бүх-оддын тоглолтын дараах амралт үргэлжилж байна. Улирал талдаа орсноор шилдгүүдийн төлөөх өрсөлдөөн улам бүр сонирхолтой болж байна. Улирлын үнэ цэнэтэй тоглогчид Ж.Харден, Я.Антетокунмпо нарын шилдгүүд хүчтэй өрсөлдөж байгаа бол оны залуу тоглогчийн төлөөх өрсөлдөөн мөн сонирхолтой болж байгаа. Ингээд энэ улирлын шилдэг залуу тоглогчоор тодрох магадлалтай рүүки тоглогчидтой танилцъя.

  • Л.ДОНЧИЧ (Даллас Маверикс багийн Словени тоглогч)

Хэдхэн хоногийн дараа 20 нас хүрч буй Словени довтлогч Лука Дончич өөрийгөө NBA-д тоглоход хангалттай бэлтгэгдсэн гэдгийг харуулаад байна. Ялангуяа тэр Д.Новицкигийн дараа Даллас Маверикс багийн ирээдүй болно гэдгээ талбай дээрх минут болон баг дахь үүрэг оролцоогоороо тунхагласаар байна. NBA-н шилдгүүдийн нэг Д.Уэйд аль хэдий нь Лукагийн фэн болоод байгаагаа илэрхийлээд “Mэр NBA-д өмнө нь байсан юм шиг харагддаг, үнэхээр туршлагатай” хэмээн хэлсэн. Лука энэ улиралд Даллас Маверикс багийн төлөө 55 тоглолтонд оролцохдоо 20.7 оноо, 7.2 самбар, 5.6 оновчтой дамжуулалт өгсөн. Үүнээс гадна сарын шилдэг рүүки тоглогчоор гурван удаа нэрлэгдээд байна.

  • Т.ЯНГ (Атланта Хаукс баг)

Оклахома их сургуулийн бүтээгдэхүүн Трей Янг NBA дэх анхны улиралдаа хоёр удаа сарын шилдэг залуу тоглогчоор Дорнод бүсдээ нэрлэгдсэн. Өдгөө 20 настай Т.Янг 16.9 оноо дундажлаж байгаа нь багийн лидер Ж.Коллинсын дараа орох үзүүлэлт юм. Самбараас 3.3 бөмбөг авч 7.6 удаа оновчтой дамжуулалт өгөөд байна. Залуу хамгаалагч энэ улиралд оновчтой дамжуулалтаараа лигийн шилдгүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж топ10-д багтаад байгаа нь ирээдүйтэй тоглогч болохыг харуулж байна.

  • Д.ЭЙТОН (Финикс Санс багийн Багамын арлуудын тоглогч)

Өнгөрсөн зуны драфтын тэргүүн тоглогч Деандре Эйтон энэ улиралд дунджаар 31.8 минутыг талбай дээр өнгөрүүлж 17.8 оноо, 10 самбар дундажлаж 54.4 хувьтай довтолж байгаа. Залуу тоглогч Д.Эйтон бүх-оддын тоглолтын залуу тоглогчдын тоглолтонд дэлхийн багийн өмнөөс тоглож найман удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн. Гэхдээ түүний баг нь лигт хамгийн муу амжилттай явж байна.

  • МАРВИН БАГЛИ (Сакраменто Кингс баг)

Одоогоос 10 хоногийн өмнө Сакраменто Кингс болон Финикс Санс багуудын тоглолт болсон. Энэ тоглолт бол өнгөрсөн зуны драфтын нэг болон хоёрдугаар сонголтын энэ улирлын гурав дахь тоглолт байсан юм. Тус тоглолтонд 2018 оны драфтын дэд сонголт М.Багли 32 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авч тус тоглолтын шилдэг болсон. Анхны улиралдаа тоглож буй залуу тоглогчийн хувьд энэ нь түүний NBA-д авч буй хамгийн өндөр оноо болсон. Өдгөө түүний багтаа үзүүлж буй нөлөөг мартаж болохгүй. Сакраменто Кингс бүсийн хүснэгтийн доогуур бичигдэж байсан бол одоо плэй-оффт ч багтах бодит боломж бий болоод байна.

  • К.СЕКСТОН (Кливлэнд Кавальерс баг)

Кливлэнд Кавальерс багийн өнгөрсөн зуны драфтын солилцоогоор авсан тэргүүн сонголт К.Секстон оны залуу тоглогчид яригдах ёстой тоглогч юм. Энэ улирлын турш олны анхаарлыг татахуйц байж чадахгүй байгаа ч багтаа 15.1 оноо дундажлаж байна. Түүнд багийн хамтрагч К.Лав талбай дээрх тоглолтонд нь итгэлтэй байдаг тухайгаа хэлээд амжсан. Ямартаа ч залуу хамгаалагч К.Секстон багийнхаа гарааны тоглогч болоод байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж