Техник, технологийн хөгжлийн эрин үе буюу цахим ертөнцийн эрин үед хүүхдийн сурах, хөгжих, тоглох, бие биетэйгээ харилцах хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж, тэдэнд өөрийгөө илэрхийлэх, мэдлэг боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх маш өргөн боломжууд нээгдэж байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо 2008 онд 42 мянга байсан бол 2017 онд 2 сая 910 мянга 778-д хүрч, Ази тивдээ нэгдүгээрт, дэлхийд аравдугаар байранд жагсчээ.
Гэвч нөгөө талаас цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал нэмэгдэж байгааг НҮБ-аас онцгойлон анхааруулжээ.
Тухайлбал, цагдаагийн байгууллагад цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил 2012 онд 17 бүртгэгдсэн бол 2018 оны байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт хоёр дахин ихэсчээ. Харин энэхүү тоог 2012 онтой харьцуулахад хүүхдийн эрхэд халдсан, цахим гэмт хэргийн гаралт 20 дахин нэмэгдсэн байна.
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д ирсэн цахим дарамтын дуудлага 2016 онд 85 байсан бол 2018 онд 229 болж бусад төрлийн хүүхэд хамгааллын дуудлагаас хамгийн их буюу 269 хувиар өсчээ.
Мөн сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим тоглоомд донтож, эмчлүүлсэн хүүхдийн тоо 2013 онд 31, 2014 онд 47, 2015 онд 41, 2016 онд 68, 2017 онд 94 болж өсч байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-17 насны сурагч болон эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудын төлөөллөөс мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийжээ. Тус судалгаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2240 хүүхэд, 378 эцэг эхийг хамруулжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийг насны ангиллаар нь авч үзвэл 50 хувь нь 15-17 насныхан, 2.5 хувь нь 13-15 насныхан, 24.5 хувь нь 11-12 насныхан байв. Харин эцэг эхийн хувьд 52.2 хувь нь төрийн байгууллагад, 16.7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 13.4 хувь нь хувийн байгууллагад ажилладаг аж.
Асуулгад оролцсон арван хүүхэд тутмын ес нь интернет хэрэглэдэг байв. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны статистик мэдээнд манай улсын 15- 60 насны арван хүн тутмын найм нь ямар нэгэн байдлаар сошиал медиа ашигладаг гэсэн байна.
Эндээс үзэхэд өсвөр насныхны цахим хэрэглээ насанд хүрэгчдийнхээс 10 пунктээр илүү байгаа юм. Тэгвэл өсвөр насныхан яагаад насанд хүрэгчдээс илүү интернэт ашиглаж байгаа талаар тодруулахад, хүүхдүүдийн 46.3 хувь нь найз, нөхөдтэйгөө харилцах, 20.4 хувь нь мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, 13.9 хувь нь хичээлийн холбогдолтой мэдээлэл авах хэмээн хариулжээ.
Мөн тэдний дийлэнх нь гар утасны дата болон гэрийн wi-fi-р интернэтэд холбогддог бол дөнгөж 1.4 хувь нь л интернэт кафе-гаар үйлчлүүлдэг гэж тодотгожээ. Судалгаанд хамрагдсан хүүхдийн дийлэнх нь буюу 84.4 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Үүнээс харахад ухаалаг утас худалдаж авах нь тэдний хувьд тийм ч хүндрэлтэй асуудал биш бололтой.
Тэгвэл ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт ашиглаж байгаа бол тэдний 92 хувь нь Facebook хаягтай байжээ. Хамгийн түгээмэл ашигладаг нийгмийн сүлжээгээр сурагчдын дийлэнх нь Facebook-ийг нэрлэсэн бол 41.6 хувь нь Youtube, 17.3 хувь нь Instagram ашиглаж байна.
Facebook, Instagram хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 ба түүнээс дээш. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь Facebook, 6 хувь нь инстаграм ашиглаж байв.
Цахим орчин хүүхдүүдийн хамгийн дотны туслагч нь үе тэнгийн найз, нөхөд гэж судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 61.8 хувь нь хариулсан бол сургуулийн багш, нийгмийн ажилтан гэж дөнгөж 8.7 хувь нь л үзсэн байна. Facebook хэрэглэдэг гурван хүүхэд тутмын нэг нь хоёр ба түүнээс дээш хаягтай байгаа нь энэ судалгаанд ихээхэн анхаарал татсан асуудал болж байна. Энэ нь бусдад хувийн мэдээллээ алдах, ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртөх зэрэг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг судлаачид тэмдэглэжээ.
Мөн хүүхдүүдийн гурван хүүхэд тутмын нэг нь интернетээр танихгүй хүнтэй танилцаж байсан гэж хариулжээ. Үүнээс харахад, интернэт болзоо нь зөвхөн насан хүрэгчдэд хамаатай асуудал биш болсныг харуулж байна.
Мөн дөрвөн хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн найз нөхдөө цахим орчинд шоолж тоглосон дүрс бичлэг оруулж байжээ. Хүүхдүүдийн 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйл, фейсбүүкийн хэрэглэгчдээс авч байсан гэж хариулсан бол эцэг эхийн 93 хувь нь хүүхдээ цахим дарамт, дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, таван хүүхэд тутмын дөрөв нь цахимаар зүй бус утгатай зурвас авдаг ба эцэг эхчүүдийн ийм төрлийн сөрөг мэдээллийг шүүх программ хангамжийг ашиглах чадвар 95 хувьд нь огт байхгүй байна.
Интернетийн байгууллага хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа насанд хүрээгүй хүн байгаа эсэхийг 84 гаруй хувь нь асуугаагүй байна. Интернетийн компаниуд бага насны хүүхэдтэй айлд сөрөг мэдээллийг шүүгч программыг заавал суулгуулах шаардлагатайг мэдээлэх үүргээ биелүүлэхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаагийн шинж гэж үздэг юм байна.
Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн гурван хүүхэд тутмын нэгнийх нь гар утасны дугаар өөр хүний нэр дээр бүртгэлтэй байна. Гар утасны дугаарыг хүүхдийн нэр дээр бүрэн бүртгэлжүүлснээр хориглосон буюу сөрөг нөлөө бүхий мэдээлэл хүлээн авахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Судалгаатай ЭНД дарж танилцана уу.
Холбоотой мэдээ