Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй

Монгол Улс ШХАБ-д элсэх элсэхгүй тухай асуудал сүүлийн үед яригдаж, анхаарлын төвд буй. Энэ талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын байр суурийг сонслоо.


-Сүүлийн үед ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн маргаан олон нийтийн дунд өрнөөд байна. Та Гадаад харилцааны сайд байсан хүн. Энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр сууриа өмнө нь олон ч удаа илэрхийлж байсан. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ч, сул гишүүн болоод ч илэрхийлсэн. Учир нь нэгд, ШХАБ гэж ямар утга учиртай, ямар алсын зорилготой байгууллага вэ гэдгийг бид өнөөдөр мэдэхгүй байгаа. Нэг хэсэг нь олон улсын интеграчлалын байгууллага болно гэж яриад байгаа. Гэтэл эдийн засгийн интеграчлал хийгдээгүй, хийгдэхгүй. Өөрсдөө ч “бид эдийн засгийн интеграчлалын байгууллага” биш гэж хэлж байгаа. Эдийн засгийн интеграчлалын байгууллага бол Европын холбоо, Евро Азийн эдийн засгийн холбоо байна. Энэ бол нэг зах зээлтэй, хил зааг байхгүй, худалдааны том блок болж байна гэсэн үг. Үүнийг бол ойлгож болж байгаа юм. Гэтэл ШХАБ интеграчлалын байгууллага биш. Нөгөө хэсэг нь энэ бол цэрэг, улс төрийн холбоо, бүс гэж яриад байгаа юм. Гэтэл энэ байгууллага өөрөө “бид холбоо биш шүү. Холбоо болох эсэхээ хэдэн жилийн дараа шийднэ” гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар яг ямар байгууллага юм бэ гэдгийг бид ч мэдэхгүй. Тэд ч өөрсдөө хэлэхгүй байгаа. Дэлхийн олон нийт ч гайхаад харж байгаа. Тэгэхээр манайх шиг жижиг улс юунд элсэх гэж байгаа вэ гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Нөгөө талаар бодит байдал дээр хүйтэн дайн эхэлчхээд байна. Хүйтэн дайны хоёрдугаар анги нь бодит амьдрал дээр эхэлчхээд байна. Дэлхийн том улс гүрнүүд хоёр талдаа хоёр том блок болж хуваагдаад хоорондоо худалдаа хийж байна. Нэгэнт хүйтэн дайн эхэлчхээд байхад Монгол Улс том гүрнүүдийн зодоонд өөрөө гүйж орох хэрэггүй. Би үүнийг аюултай гэж бодож байгаа. Хоёр хөрш оронтойгоо найрсаг, гүн хамтын ажиллагаатай, аль нэгнийх нь нөлөөнд хэт автагдаагүй, гуравдагч хөрштэй, олон тулгуурт гадаад бодлоготой байх нь Монголын эрх ашиг.

-ШХАБ-д элсэх нь их хэмжээний мөнгө дагуулна, бид элсэх эсэхээ хурдан шийдэх ёстой гэх мэт тайлбар хэлээд байгаа?

-Зарим хүмүүс ШХАБ-д элсчихээр их мөнгө ороод ирнэ гэсэн зүйл яриад байгаа. Би Д.Цогтбаатар сайдаас бүлгийн хурал дээр ч асууж байсан. “ШХАБ-д орох дээр мөнгө өгье гэж хэлсэн, ярьсан, бичсэн зүйл байна уу. Аваад ирээч ээ” гэсэн. Гэтэл тийм зүйл байхгүй зүгээр л хоосон яриа. Эсвэл ШХАБ-д гишүүнээр орвол Монголоор дайрсан Орос Хятадын эдийн засгийн коридорууд асар хурдан хөгжих юм байна гэж яриад байгаа. Гэтэл ШХАБ-д гишүүнээр  элсвэл бид эрчим хүчний коридороо ч юм уу, хийн хоолойгоо ч юм уу, эсвэл худалдааны хоолойгоо хурдасгана гэж хэн ч хэлээгүй.  Өмнө нь бид эдийн засгийн коридорын асуудал яригдаж байхад Монгол Улс ШХАБ-д элсэх тухай яригдаагүй л байсан шүү дээ. Тэгэхээр ажиглагчаар байж байгаад коридорын асуудлыг шийдэж болно. Хэрвээ үнэхээр мөнгө өгье та нар элсээд орооч ээ” гээд байгаа бол ямар зорилгоор ингээд байна вэ гэдэг нь хамгийн чухал.

-Хоёр хөршийн зүгээс шахалт ирж байсан уу, таныг Гадаад харилцааны сайд байх хугацаанд. Ер нь шахалт үзүүлэх боломжтой юу?

– Хэвлэл мэдээллийнхэн харин одоогийн албан тушаал эрхэлж байгаа хүмүүсээс орохгүй бол яана гээд байгаа юм гэж асуух хэрэгтэй. Хоёр хөршөөс шахалт ирсэн гэж би бодохгүй байна. Танайхыг орохгүй бол шатахуунаа ч юм уу, худалдаагаа болино гэдэг  шаардлага тавиагүй. Тиймээс бид ийшээ яарч сандар орох нь аюултай. Бид бол асар их түүхтэй, соёлтой жижиг буурай улс. Манай хоёр хөрш бол дэлхийн гадаад бодлогыг тодорхойлж байгаа асар том хоёр гүрэн. Энэ хоёр том гүрний гол тоглолтоо хийж байгаа байгууллагад бид хамаагүй гүйж орчхоод дараа нь эндээс гарч чадахгүй. Хүмүүс “тэр чинь гайгүй байгууллага юм билээ. Бүх асуудлаа санал нэгтэйгээр шийддэг юм билээ” гээд байгаа. Санал нэгтэй гаргана гэдэг тохиолдолд Монгол Улс гишүүнээр орчхоод Оросын эсрэг, Хятадын эсрэг, эсвэл Энэтхэгийн эсрэг “бид энэ байр суурийг дэмжихгүй байна” гээд хэр удаан зогсч чадах вэ. Бодит амьдрал дээр тийм боломж байхгүй. Ялангуяа манай гадаад худалдаа урд хөршөөс, нефть болон эрчим хүчнийхээ 80 хувь нь хойд хөршөөс авч байна. Ийм хамааралтай байж энэ хоёр улс зонхилж байгаа гол байгууллагад орчхоод дуртай цагтаа бид хаалгаа саваад гарна, дуртай цагтаа энэ хоёр улсын шийдвэрийг гаргуулахгүй байж чадна гэж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй. Тэгэхээр энэ байгууллагад элсэх эсэхийг маш олон талаас нь бодож, ярилцаж байж шийдвэрлэх асуудал. Улс орны бодит амьдрал, тусгаар тогтнол, аюулгүй байдал, бие даасан байдалтай холбоотой асуудал.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж