ОХУ-ын хойд хэсэгт байдаг Новая Земля арал дээр дошгирсон цагаан баавгайнууд олноор цуглаж, хүмүүсийн оршин сууж байгаа хэсэг рүү ирж түйвээсэн хэрэг энэ хоёрдугаар сарын эхээр гарч, онц байдал зарласан. Одоо онц байдлыг цуцалсан ч баавгайнуудын энэ үйлдэл давтагдаж магадгүй хэмээн Дэлхийн Байгаль хамгаалах сангийн (WWF) Орос дахь төлөөлөгчийн газар анхаарууллаа.
Новая Земля арлын Белушья Губа суурины ойролцоо 50 гаруй цагаан баавгай цуглаж, хүн рүү дайрах, орон байр руу нэвтрэхийг оролдох зэрэг үйлдэл гаргасан учраас Архангельск мужийн захиргаа онц байдал тогтоосон. "Хэдийгээр одоо байдал намжиж, онц байдлыг цуцалсан ч ирэх жил энэ байдал давтагдахыг үгүйсгэхгүй. Тиймээс хүн, амьтан хоёрын хооронд үүссэн таагүй харилцааны шалтгааныг арилгах арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн Дэлхийн Байгаль хамгаалах сан анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар Белушья Губа сууринд ОХУ-ын Байгаль, экологийн хяналтын алба, Экологи, эволюцийн хүрээлэн, "Русская Арктика" үндэсний паркийн эрдэмтэнд, шинжээчид ажиллаж байгаа юм. Баавгайнуудын цугласан газар нь энэ хавийн оршин суугчид хоолны үлдэгдэл, хогоо хаядаг газар байсан юм. Тиймээс оршин суугчид хог хаягдлаа зөв устгах, дараа нь байнгын харуул гаргахыг баг зөвлөжээ. Мөн суурины гадуур хамгаалалтын хашаа барьж, гэрэлтүүлэгтэй болгохыг мөн зөвлөсөн байна. Шинжээчдийн багийг ажиллаж байхад 10 хүртэл тооны баавгай эргэлдсээр байсан нь эндээс хоол олж идэж болохыг баавгайнууд мэдсэнтэй холбоотой учраас хог хаягдлаа хаана, хэрхэн хаях талаар яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй болоод байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ