Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хориoтой бодис илэрсэн билээ. Удаан хэлэлцсэний эцэст шийдвэрийг Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр албан ёсоор гаргаж, түүний барилдах эрхийг дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасахаар болсон байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгохоор болжээ.
Индонезид болсон Азийн наадмын үеэр чөлөөт бөхийн хоёр тамирчнаас хориотой бодис илэрсний нэг нь Монголын П.Орхон байв. Тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медаль хүртсэн ч stanozolol хэмээх хориотой бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Түүнээс гадна Туркменистаны чөлөөт бөхийн тамирчин Назаров допингийн шалгалтанд бүдэрчээ.
П.Орхоны хувьд Азийн наадамд оролцсон Монголын тамирчдаас анх удаа допингийн асуудалд холбогдсон юм.
П.Орхоны сэргээшийн хариу Азийн наадам өндөрлөсний дараа буюу есдүгээр сард гарсан ч тэрбээр үүнийг үгүйсгэж байсан. Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсны мэдээллийг өгөөгүй бөгөөд удаан хэлэлцсэний эцэст Дэлхийн бөхийн холбооноос ийм шийдвэр гаргажээ.
Гавьяат тамирчин П.Орхон Азийн наадмаас хойш ямарч тэмцээнд оролцоогүй бөгөөд 2018 оны ДАШТ-д оролцох байсан ч яваагүй юм. Тэрбээр өөрийгөө допингийн төрлийн зүйл хэрэглээгүй гэдгээ хэлж, П.Орхоны багш Ц.Хосбаяр ч ийм зүйл байх учиргүй гэж ярилцлагадаа дурдаж байсан юм.
2016 оны нэгдүгээр сард ОХУ-д болсон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний үеэр Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож шуугиантайгаар гарч ирсэн П.Орхон дараа жил нь буюу 2017 онд дэлхийн аварга болсон юм. Тэрбээр Азийн болон олон улсын томоохон тэмцээнээс байнга медальтай ирж байсан бөгөөд “Жакарта 2018” Азийн наадамд аваргын алтан медаль хүртсэн ч хориотой бодис хэрэглэсэний улмаас 2022 оны есдүгээр сар хүртэл тэмцээнд оролцох эрхгүй боллоо.
Холбоотой мэдээ