"Малчдыг хахир хавар хүлээж байна"

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

"Малчдыг хахир хавар хүлээж байна"

"Малчдыг хахир хавар хүлээж байна"

Хүйтний эрч цаашилж, урин хавар айсуй. Хөдөө талд төлийн дуу цангинаж, яргуй дэлбээгээ нээх нь  сайхан ч энэ жил хаваржилт хүндэрч болзошгүй тул малчид толгой өндийх завгүй байна.  Өнгөрсөн өвөл нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон нь цас бараг унасангүй гэхэд хилсдэхгүй. Гэвч цас орохгүй атлаа өвөл нь хүйтэн, мал өвс тэжээлийн хомстолд орохыг харын зуд нүүрлэх гэдэг. Монгол мал цасаар ундалдаг тул ихэнх нутгаар “цасгүй” өвлийг давсан нь малчид малаа услах гэж 2-3 км зам туулах шаардлага үүсч байна гэж орон нутгийнхан хэлж буй.

Нөгөө талаас Цаг уур, орчны шинжилгээний газраас зудын эрсдэлийг боловсруулсан зургаар нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цас их орсон баруун бүсийн аймагт хаваржилт хүндрэх нь гэсэн таамаг бий. Харин цаг уурын байгууллагаас үүнийг үгүйсгэж, хавар орсон цасыг шар тостой зүйрлэж байна. Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн С.Бат-Үүл “Хоёрдугаар сар гарснаар энэ өвлийн хамгийн хүйтэн үе болсныг та бүхэн мэдэж байгаа. Хүйтний эрч суларч ихэнх нутгаар дулаарч байна. Сарын сүүлч хүртэл хүйтрэхгүй ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа. Тухайлбал, Говийн нутгуудаар нэмэх градуст шилжинэ. Товчхондоо, энэ сарыг дуустал цаг агаарын ямар нэгэн аюултай үзэгдэл болохгүй, хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурга шуурахгүй. Энэ жил нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон нь олон жилийн дунджаас харьцангуй цас багатай жил боллоо. Өнөөдрийн байдлаар Увс, Ховд, Завханд их цас тогтсон бол  говийн гурван аймаг Говь-Алтай, Баянхонгорт цас тогтсон. Харин  зүүн гурван аймаг цасан  бүрхүүл бага байна. Аймаг, сумдад орсон цас дорхноо хайлах учир мал ундлах усгүй л болно гэсэн үг.  Ер нь хавар орсон цасыг шар тостой зүйрлэдэг.  Тиймээс цас ихтэй байх нь хаваржилт хүндрэх шалтгаан болохгүй гэж үзэж байна. Хавар бол малчдын хувьд хамгийн хүнд улирал гэж хэлж болно. Ялангуяа өвөл нь цас бага орсон бол хавар мал төллөх, мал ундаалах усгүй болох, өвс тэжээл хомстох зэрэг олон асуудал үүснэ. Үүнийг хаврын тарчиг цаг ч гэдэг” гэлээ.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн аймагт нийт 41700 мал хорогджээ. Өнгөрсөн оны мөн үед улсын хэмжээнд 105 мянга 286 толгой  мал хорогдсон байдаг. Хавсарга ихтэй хаврын урт өдрүүдэд малчдад уснаас гадна өвс тэжээл чухал.

Хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөлд өвс тэжээлийн нөөц хэр байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх “Малчид хадлан тэжээлээ маш сайн бэлдсэн учраас орон нутгийнхан нөөцөлсөн өвс, тэжээлээ өдий хүртэл ашиглаагүй байснаа одоо л гаргаж эхэлсэн. Өвс тэжээлийн нөөц улсын хэмжээнд аймаг, сумдад хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд бий. Өнөөдрийн байдлаар орон нутгуудад  мал усгүйжилттай холбоотой асуудал нэлээн яригдаж байна. Зүүн дөрвөн аймгуудад мал хорогдсон нь цаг агаарын нөхцөл хүндэрч хэт хүйтэрсэнтэй холбоотой байх” гэсэн юм.

Улсын хэмжээнд өвс тэжээлийн нөөц хангалттай бий ч орон нутагт цас бага орсны улмаас мал усгүйдэх  хүндрэл үүсээд байна. Монгол Улсын хэмжээнд инженерийн хийцтэй худаг 13.600 бий. Үүнээс гадна иргэдийн эзэмшлийн 30 мянга орчим гар худагтай. Эдгээр худгаас 30 орчим сая мал л услах боломжтой. Гэтэл манай улс одоо 66.5 сая орчим малтай. Ийм учраас цаашид цас орохгүй гэдгийг албаныхан хэлж байгаа учраас  мал усаар дутагдаж, хаваржилт хүндэрч болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж