ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийнхэнтэй яг одоо уулзаж байна. 2019 оны хоёрдугаар сарын 20 -нд Засгийн газраас Хөгжлийн банкинд шалгалт оруулах тухай тогтоол гарсан. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат ажиллаж буй.
Шалгалтыг 30 хоногийн хугацаанд зохион байгуулах аж. Эхний 14 хоногт шалгалтын явцын үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулах юм.
Тус шалгалтаар Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн бондуудад дотоодын эх үүсвэр болон гаргасан баталгаа, батлан даалтын эргэн төлөлт ямар байгаа эсэх, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, хэрэгжилт , хяналт шалгалт зээлийн эргэн төлөлтийн түвшин, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар, Хөгжлийн банкны засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа эсэх талаар, Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагын бодлого, төлөвлөлт түүний хэрэгжилт, Санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох хууль тогтоомж Засгийн газрын шийдвэр болон түүнээс үндэслэсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар журмын хэрэгжилт зэрэг чиглэлээр шалгалтыг явуулах юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ” Монголбанкнаас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд шалгалт хийхээр очсон боловч тодорхой шалтгаанаар Хөгжлийн банкныхан бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэдэг тайлбарыг Монголбанкын Ерөнхийлөгч бидэнд тавьсан. Тийм учраас Засгийн газраас Хөгжлийн банкинд шалгалт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж 30 хоногийн дотор дүгнэлтээ гаргана.Бондуудын эргэн төлөлттэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ дагуулсан асуудал олон бий” гэв.
Ажлын хэсгийн уулзалт хаалттайгаар үргэлжилж байна.