Аюултай хог хаягдлыг хэрхэн Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ -ын дарга Ж.Бямбадорж өнөөдөр УИХ-ын даргатай уулзаж химийн аюултай бодисыг хадгалалтын асуудал, шаардагдах төсөв, эдгээртэй холбоотой хууль, тогтоомжуудын хэрэгжилтийн талаар ярилцжээ. Энэ талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржоос тодруулахад “Чухам ямар хог хаягдлыг хэлээд байгааг манайх шиг эрсдэлтэй оронд шууд зарлах боломжгүй. Хорт болон аюултай хог хаягдлуудын хадгалалтын асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татах болсон. Орон нутагт төсөв хүрэлцэхгүйгээс аюултай хог хаягдлаа хадгалах төсвийг хэлэлцэх шаардлагатай болж байна. Засгийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын л ажил мэт хандаж болохгүйд хүрсэн. Тиймээс Засгийн газраас хараат бусаар УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох хууль, тогтоомж, УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, их хэмжээгээр хуримтлагдсан химийн аюултай бодисоо хэрхэн цуглуулах, байршуулах, аюулгүй болгож хадгалах устгах талаар тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байгаа талаар УИХ-ын даргад танилцууллаа. УИХ-ын дарга ойрын үед энэ талаар ажлын хэсэг гаргаж, дүгнэлт гарсны дараа шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд нууцын зэрэглэлтэй мэдээлэл танилцуулах учиртай” гэсэн юм.
Химийн аюултай хорт бодисын талаарх дээрх мэдээлэл өөр түвшинд яригдаж эхлээд байгаа ч үүнээс гадна ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын асуудал шийдэл хүлээсээр удаж байна. Хог хаягдлын тухай хуульд зааснаар ”аюултай хог хаягдал” гэж хүн, мал, амьтан, ургамлыг өвчлүүлэх, тэдгээрт хор хөнөөл учруулах, үр удамд нь сөргөөр нөлөөлөх, байгаль орчны тэнцлийг алдагдуулахад хүргэх шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисыг агуулсан хог хаягдлыг хэлдэг аж. Уг хуульд аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булахад тавигдах нэмэлт шаардлагыг тодорхой заасан байдаг.
Түүнчлэн “Хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийн хэмжээнээс хамааруулан аюултай хог хаягдлын ангилал, зэрэглэлийг эрүүл мэнд, шинжлэх ухааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална”. “Аюултай хог хаягдлыг паспортжуулах журмыг Засгийн газар батална”, “Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булахад аюулгүй байдлыг хангах шаардлагыг Засгийн газар тогтооно”, “Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, импортлох, экспортлохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэхчлэн заасан ч улс орны хэмжээний, иргэдийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдэг утгаар нь асуудлыг өргөн цар хүрээгээр харж ачаалал, үүрэг, хариуцлагыг зөвхөн Засгийн газарт төвлөрөөд буйг сааруулах тэнцвэржүүлэх шаардлагатай болоод байгаа аж. Мөн шаардагдах төсвийг саадгүй төвлөрүүлж аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах төвлөрсөн цэгийн байршлыг нийслэл сонгож өгөх, хуульд зааснаар Засгийн газрын тусгай хэрэгцээт газарт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барихад анхаарах шаардлагатай байна.
Иргэд, айл өрхүүдийн хэрэглээнээс үүдэлтэй аюултай хаягдлын тоо, төрөл олширчээ. Тухайлбал, ухаалаг гар утас, машины ажилласан тос, батарей, гэрлийн чийдэн, электрон хог хаягдал нь аюултай хог хаягдал бөгөөд иргэд бүх төрлийн хогоо ангилалгүй нэг дор хийгээд хаяж байгаа нь аюултай хог хаягдал энгийн хогтой цуг газарт булагдаж гол аюулыг үүсгээд байгаа юм.
Холбоотой мэдээ