ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгээс “Химийн хорт болон аюултай бодисын менежмент, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сургалтыг сүүлийн хоёр жил тогтмол зохион байгуулж байна.
Энэ удаа тус сургалтад “Оюу толгой” компанийн ажилчид хамрагдаж байна. 40 орчим ажилтан 3 өдрийн сургалтад хамрагдахдаа химийн бодис худалдан авах, түүнтэй хэрхэн харьцах энгийн арга аргачлалаас эхлээд өөрийн компани дээр хэрэглэдэг тусгай химийн бодистой хэрхэн харьцах, цаашлаад химийн бодис тээвэрлэх, хадгалах, тухайн бодисын сав баглаа боодол, хог хаягдлын үлдэгдлийг хэрхэх, хууль эрхзүйн орчин гээд бүхий л шат дамжлагын түвшинд цогц системтэй мэдээлэл авчээ.
“Оюу толгой” компанийн туслан гүйцэтгэгч “Хаанзаа сервис” компанийн ахлах ажилтан Э.Шижир хэлэхдээ “Зөвхөн ахлах ажилтан ийм төрлийн сургалтанд хамрагдах хангалттай биш. Энэ удаа бид нэлээд өргөн бүрэлдэхүүнээр ажилчдаа хамруулж сургаж байна. Гардан гүйцэтгэгч ажилчид өөрсдөө ийм цогц сургалтад хамрагдаж, мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдаас сургалт мэдээлэл сонсоно гэдэг үнэхээр ач холбогдолтой. Үр дүнтэй сургалт боллоо гэж бид дүгнэж байна” гэлээ.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн нь энэ чиглэлээр судалгаа явуулдаг улсын хэмжээний томоохон байгууллагын хувьд химийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, Монгол улсад химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, химийн аюулгүй байдал, менежмент, химийн бодисын зохистой хэрэглээг ард иргэд, аж ахуй нэгжид төлөвшүүлэх зорилгоор ажилладаг. Энэхүү зорилгынхоо хүрээнд дээрх сургалтыг явуулдаг бөгөөд алт мөнгөний дархчуулаас эхлээд байгаль орчны үнэлгээ хийдэг байгууллага гэхчлэн олон газраас сургалтын захиалга ирдэг байна. Тус хүрээлэн дараагийн ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад сургалт явуулахаар захиалга авчээ.
Холбоотой мэдээ