Феспо үзэсгэлэнд Монгол Улс “зочин орон”-оор оролцлоо | News.MN

Феспо үзэсгэлэнд Монгол Улс “зочин орон”-оор оролцлоо

Феспо үзэсгэлэнд Монгол Улс “зочин орон”-оор оролцлоо

Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо 2019 оны 01 сарын 31-ээс 02 сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын аялал жуулчлалын “Феспо” үзэсгэлэнд Монгол Улс “Зочин орон”-оор амжилттай оролцлоо.

Швейцар Улсын гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын “Феспо” олон улсын үзэсгэлэнд нийт 600 орчим аж ахуйн нэгж байгууллагууд үзэсгэлэнгийн 25,000 м2 талбайд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж 65,000 хүмүүс үзэсгэлэнг үзэж сонирхдог, тус улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа оролцож буй бөгөөд  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэгдсэн зохион байгуулалтыг хариуцаж, Швейцарь дахь монголын элчин сайдын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, МАИТ ХК хамтран, Гэр тү гэр, Аян трэйвл, Нью жуулчин зэрэг 15 тур оператор компани оролцлоо. Мөн Улаанбаатар чуулгын үндэсний урлагийн уран бүтээлчид, Монгол костюмс агентлагийн загвар өмсөгчид, Монгол үндэсний бөхийн бүрэлдэхүүн, Монгол бичгийн калиграф бичээч зэрэг нийт 45 орчим бүрэлдэхүүн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсаа сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр ФЕСПО үзэсгэлэнгийн гүйцэтгэх захирал Штефан Амстад болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

“Феспо” үзэсгэлэнгийн  үеэр Монгол улсын сурталчилгааны талбайг зорьж ирсэн хүмүүсийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн байгааг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор монголын талд мэдэгдэж, баяр хүргэлээ.

ФЕСПО үзэсгэлэн нь аяллын зорих газруудыг олон нийтэд танилцуулж, аяллын компаниудад шууд захиалга авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог. Энэ удаад манай улсаас  оролцсон 15-н компаний төлөөлөгчид үзэсгэлэнгийн 3 дахь өдөр тараах материалаа бүрэн дуусгаж, олон уулзалтуудыг зохион байгуулсан нь тус үзэсгэлэнд оролцсон гол үр дүнгийн нэг байсан гэдгийг онцолж байна.

Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Свисс туризм байгууллага, Швейцарын Церматт хотын Засаг дарга, тус хотын Аялал жуулчлалын газрын дарга нартай тус тус албаны уулзалтуудыг зохион байгуулж, цаашид хоёр улсын аялал жуулчлалын салбар дахи хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсын аялал жуулчлал хөгжүүлсэн сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх талаар хэлэлцлээ.

Швейцар Улсын аялал жуулчлалын холбооноос гаргасан мэдээллээр тус улсын хүн амын 88 хувь нь жилд нэг буюу түүнээс дээш удаа, 10-аас дээш хоногийн аялал хийдэг бөгөөд нэг удаагийн аялалдаа зарцуулдаг төсвөөрөө бүс нутагтаа тэргүүлдэг байна.

Энэ удаагийн ФЕСПО олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсыг сурталчилсан ажил нь 65 мянга гаруй үзэсгэлэнгийн зочид, 300 мянга гаруй өдөр тутмын сонин, 2500 гаруй сурталчилгааны материал төдийгүй 25 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Швейцарын төдийгүй бусад герман хэлтэй зах зээлд Монгол Улсын сурталчилгааг хүргэсэн өндөр үр дүнтэй ажил болсон гэдгийг онцолж байсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж