Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гараанаасаа л “эгдүүтэй” байж, тээврийн тэрэгний кабиныг ажилд томилогдох шалгуур аятай ярьж факталсан. Тэрбээр эгзэгтэй цаг мөчид Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Ойрын өдрүүдэд түүний өнгөрсөн зургадугаар сард өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа ШХАБ-ын талаар илэрхийлсэн байр суурь нь анхаарал татаж, эргэн сануулагдах боллоо. Тэрбээр уг ярилцлагадаа “Монгол, Орос, Хятадын дундуур явуулах эдийн засгийн коридорын асуудлыг сайжруулах, томоохон төслүүдээ хөдөлгөе гэвэл ШХАБ-д элсэхээ шийдэх л ёстой. Хэзээ нэгэн цагт Монгол Улс ШХАБ-ын гишүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа” гэсэн байдаг. Энэ хэний байр суурь вэ. Магадгүй түүний энэ байр суурь сайд болоход нь нөлөөлсөн, хамгийн том давуу тал нь болсон юм биш биз. Шинэхэн сайд тэр үеийн байр суурин дээрээ одоо ч хэвээрээ, өөрийнх нь хэлснээр “Бүс нутгаараа манай улс төв Азидаа хамаардаг. Далайд гарцгүй улс. Харин ШХАБ-ын гол хоёр түнш нь Орос, Хятад Улс. Тиймээс манай улс бүс нутгийнхаа харилцаанд нэлээд идэвхтэй байр суурьтай байх зарчмын асуудал бий. Бидний хүнд хэцүү байсан үед хандивлагч болж хамт байсан олон орон бий. Тиймээс энэ орнуудтай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг зөв тооцоолох нь чухал” гээд тооцоолоод, энэ талаар хамгийн том сурталчилгаа хийж байгаа удирдагчдын “хуруу хумс” болж эхэлсэн бол түүнийг “утсан хүүхэлдэй” гэхэд буруудах болов уу. “Утсан хүүхэлдэй” гэж хэлүүлсэн УИХ-ын гишүүн тухайн сэтгүүлчийг Зөрчлийн хуулиар “ялан дийлж” хоёр сая төгрөгөөр торгуулсан, дараа нь би төлчихье гэсэн адал явдал болоод өнгөрсөн. Харин өнөөдөр ШХАБ-ын талаарх улстөрчдийн байр суурийг ажиглахад нэр бүхий сайд нар “утсан хүүхэлдэй” шиг ажиллаж мэдэхээр хардлага төрүүлээд байна. Улс төрийн шийдвэр гаргахад “утсан хүүхэлдэй” заавал хэрэг болдог юм гэнэ билээ. Тиймээс хардах эрхээ эдлэхэд буруудахгүй болов уу. Шинэхэн сайдын “жаргон” ойлгох чадвар, хардуулах хат, улстөрчийн хувиар үг даах чанар хэр байх юм бол доо гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Холбоотой мэдээ