Уг мөнгөн дүнгийн 300 саяыг нь Хувьцаа хөрөнгийн биржийн комисст төлөх бөгөөд үлдсэн 250 саяыг нь хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө алдсан хөрөнгө оруулагчидад нөхөн олговор хэлбэрээр өгөхөөр болсон байна. Энэ торгууль нь “Wall Street”-ийн түүхэнд хөрөнгө оруулалтын компанид ноогдуулсан хамгийн өндөр торгууль юм. Гэвч энэ нь “Goldman Sachs” компани 2009 оны орлогоосоо хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг тараасныхаа дараа өөрсдөө цэвэр орлого болох 12.2 тэрбум ам.долларын орлого олсны 5 хувиас ч бага дүн юм.
“Goldman Sachs” торгууль төлөхийг зөвшөөрсөн байна гэсэн мэдээ хөрөнгө оруулагчидад таатай сонсогдсон бололтой. 140 шахам ам.доллараар арилжаалагдаж байсан тус компанийн хувьцаа 6.16 ам.доллараар нэмэгдэж 145.22 ам.доллар болсон бөгөөд улмаар арилжаалагдах явцад 153.6 ам.доллар болж нэмэгдсэн байна.
Энэ оны 4 сард шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хувьцаа хөрөнгийн биржийн комисс “Goldman Sachs”, “Paulson & Co” компаниуд моргейжийн зах зээл дээрээс мөнгө хийж ашиг олж байхад хөрөнгө оруулагчид нэг тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээсэн гэж буруутгасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Америкийн санхүүгийн зах зээлийг алдагдалд ороход нөлөөлсөн моргейжийн зах зээлийн уналттай холбоотой томоохон эрх зүйн маргаан байсан юм. Ийнхүү нэхэмжлэл гаргасан нь “Wall Street”-ийн хямралаас бараг асуудалгүй гарсан тус том компанийн нэр хүндэд цохилт болсон. Пүрэв гаригт тус компани моргейжийн бүтээгдэхүүн худалдаж авсан хэрэглэгчдэд чухал мэдээлэл өгөөгүй үлдээсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ эрх зүйн хувьд алдаа гаргаагүй гэж мэдэгдсэн байна. Энэ талаар “Ийм шийд гаргасан нь манай компани, хувьцаа эзэмшигчид болон манай хэрэглэгчдэд аль алинд нь хэрэгтэй шийд гэж бид итгэж байна” гэж “Goldman Sachs” мэдэгдэл хийсэн байна.
Т.Бадрах